“Төлөвлөгөө” хочит Засаг дарга П.Ганхуяг

Эдийн засгийн хямралын улмаас 2015 оны жилийн эцэс болон 2016 оны 1 дүгээр улирлын татварын орлого улсын хэмжээгээр тасраад буй. Хэн хүнгүй бүсээ чангалж, хаана хаанаа хэмнэлт хийж байгаа ийм цаг үед Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр 2016 оны УИХ-ын сонгуульд бэлтгэж сууна. Тодруулбал, "ШИНЭ ДОРНОГОВЬ-2" тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн тайлангаа Засаг даргын “НУУЦ” захидалын хамт аймгийн хэсэг бүлэг иргэдэд тараажээ. Ингэхдээ тайлан болох А4 хэмжээтэй 128 нүүр хуудас бүхий товхимол сэтгүүлийг "Бэст колор интернэшнл" ХХК-иар нийт 41 сая 470 мянган төгрөгөөр хэвлүүлсэн байна.
Гоё ганган үгийн цуглуулагатай “үнэтэй” сэтгүүлийн эхний хуудаснаа “Ирээдүйд чиглэсэн их бүтээн байгуулалтын үндэс суурь нь тогтвортой хөгжлийн хөтөлбөр зөв бодлого сайн төлөвлөлт юм” хэмээн Засаг дарга П.Ганхуягийн гарын үсэгтэй бичвэр зурайна. “Би хийх зүйлээ төлөвлөдөг. Амьдралаа ч төлөвлөдөг” гэж ярих дуртай эрхэм л дээ. Гэтэл энэ өвлийн зуд турхан, улаан бурхан өвчин түүний төлөвлөгөөнд ороогүй бололтой.
Хүүхдийн амь нас эндэж байхад Засаг дарга П.Ганхуяг өнөөх төлөвлөгөөгөө Улаанбаатар хотын телевизүүдээр ярьж явсан. Хэдэн сумын малчид малаа зудад барахдаа Засаг даргаа нүдээ чилтэл харуулдсан сурагтай юм. Гэтэл мань эр өнгөрөгч намар “Дорноговь аймаг өвлийг өнөтэй давах бэлтгэлээ базаасан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна” гэж мэдэгдсэн. Хэлэх, хийх нь алд дэлэм зөрдөг даргын занг нутагийнхан нь анддаггүй хойно “Төлөвлөгөө Ганхуяг” гэсэн нэр хүртэл хайрлаж байхав.
Тайлан хэмээгдэх сэтгүүлийн завсарт шургуулан иргэдэд хүргүүлсэн “НУУЦ” захидалдаа тэрээр “Та бүхэн маань тайван, амгалан байж говь нутгийнханы уужуу сэтгэлээр хандах” тухай уриалсан байх юм. Засаг дарга П.Ганхуяг болон түүний тойрон хүрээлэгч нар Дорноговь аймгийн газар нутгийг хятадуудад зарж буйг зүгээр хараад суух уу, хэдэн малаа зудад, Улаан бурхан өвчинд үр хүүхдээ алдчихаад “Говь нутгийн хүн” гээд тайван байх уу. Төрийн бодлого, хөрөнгөөр дэмжээд ч “Сумын төвийн шинэчлэлийн хөтөлбөр” нэрийн дор хүн ашиглаж боломгүй хазгай мурий балгас бүтээн байгуулсаныг сайн төлөвлөл, хөгжлийн зөв бодлого гэж шагшин магтах хүн байхгүй болов уу. “Улс орон мөнгөтэй байх үед хийж чадаагүй хүн энэ хүнд цаг үед бүтээн босгоно гэдэг юу л бол” хэмээн итгэл алдарсан иргэд ч цөөнгүй.
Харин аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нь Засаг дарга П.Ганхуягийн төрийн үйл хэрэгт үнэлгээ өгөхдөө “АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГ ЗОРИЛТ”-ын хэрэгжилт 93,1% хэмээн үнэлсэнийг тайлангийн тэргүүн нүүрт онцолжээ.
Ийнхүү Дорноговь аймгийн дарга нар тархи угаах гэж оролдож байхад ард түмэн улаан бурхан өвчинтэй тэмцэн эм тариа, хэрэгслийн хандив цуглуулж, бяцхан үрс эмнэлгийн ор дэрэн дээр биш шалан дээр эмчлүүлж байлаа. 41 сая төгрөгөөр сэтгүүл хэвлүүлж байхын оронд сэтгэлээрээ хэдэн эм тариа эмнэлэгт аваад өгчихвөл ард түмэн чинь баярлах байсан юм.
Иргэд амьдрахын эрхэнд байшин барьж, дэлгүүр нээж, зоогийн газар ажилуулж байна. Үүнийг Засаг дарга П.Ганхуяг “Би хийсэн юм” гэж хашгирах юм даа. Сайн санасан нутгийн иргэд эмнэлэгт хандив цуглуулж, малчдад өвс дөхүүлж өгсөн. Энэ бүгдийг би гэж орилоод яваа хүнийг төлөвлөдөг гэхээсээ төөрсөн хүн гэвэл таарна.
П.Ганхуяг нь өнөө ч гэсэн Улаанбаатар хотод төмөр зам дахь өөрийн хувийн баарандаа сэтгүүлчдийг дайлж цайлан сонгуулийн ажлаа ярихын зэрэгцээ газрын наймааныхаа бизнес түншүүдтэйгээ уулзаж явна. Эгэл жирийн иргэдийн итгэлээр өнөөгийн албанд гарч ирсэнээ умартаж, тэдний зовлонг үл ойшоон Засаг даргын ажлаас илүүтэй өөрийн эрх ашгийн төлөө улсын мөнгийг үрэн таран хийж яваа П.Ганхуяг нь ирээдүйд юу л “ТӨЛӨВЛӨЖ” байгаа бол доо?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ