Зургаан настнуудыг НАЙМДУГААР сард бүртгэнэ

img

Нийслэлийн Боловсролын газраас Ерөнхий боловсролын сургуулийн элсэлт болон төгсөлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, тус газрын Сургалтын аргазүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нар оролцож мэдээлэл өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн 214 дунд сургуульд 221 320 сурагч суралцаж байна. Тэднээс 13 946 нь 12 дугаар ангийг, 8578 нь 9 дүгээр ангийг төгсөнө. Харин 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 27 629 зургаан настан нэгдүгээр ангид элсэн орох урьдчилсан тоо гарчээ. Зургаан настнуудын бүртгэл ирэх наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд явагдана гэсэн мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана өглөө. Түүнээс дунд сургуулийн элсэлт, төгсөлтийн талаар дараах тодруулгыг авлаа.

 

-Нэгдүгээр ангийн элсэлтийн талаар тодруулъя. Яагаад элсэлтийг намар хийх болов?

 

-Энэ жил 13 900 хүүхэд 12 дугаар ангийг төгсч, 27 000 хүүхэд сургуульд шинээр элсэн орно. Өнгөрсөн жилээс боловсролын салбарт цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан намар бүх багш нараа сургалтад хамруулах зорилгоор элсэлтийг хавар зохион байгуулдаг байсан. Энэ жил намар бүртгэл явагдана. Бид саяхан энэ жилийн нэгдүгээр ангид элсэгчдийн хамран сурах тойргийг шинэчлэн баталсан. Хамран сурах тойргийг хоёр үндэслэлээр баталдаг. Сургуулиудын хүчин чадлыг жигдрүүлж, шинээр ашиглалтад орсон сургуулиудыг хороонд хуваарилах зорилгоор хамран сурах тойргийг шинэчлэн тогтоосон.

 

-Хоёр дүүргийн заагт байдаг хүүхдүүд сургуульгүй хоцрох асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулсан вэ?

 

-Эцэг эхчүүдээс энэ талаар гомдол ирдэг. Тухайлбал, Баянгол дүүргийн Алтай хотхоны хүүхдүүд харьяаллаараа их хол явж, сургуульд сурах байсан. Хажууханд нь Хан-Уул дүүргийн сургуулиуд байдаг. Ингэж хоёр дүүргийн зааг дээр байгаа сургуулиудын хамран сурах тойргийг дүүргүүдтэй зөвшилцсөний улмаас Баянголын хүүхдүүдийг Хан-Уулын сургуульд суралцах бололцоог олгож байгаа.

 

-Хэдээс хэдэн оны хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэх вэ?

 

-2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Харин 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй.

 

-Элсэгчдээс бүртгүүлэх материал дунд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай гэсэн байна. Үүний шалтгаан юу вэ?

 

-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ гэсэн байгаа. Төвийн сургуулиудад хүүхдээ элсүүлэх гэсэн эцэг эхчүүд зохиомлоор хорооны шилжилтийг хийдэг. Ингэснээр тухайн сургуулиудын элсэгчдийн тоо хэмжээ нэмэгддэг. Сүхбаатар дүүргийн 1, 23, 18 зэрэг цөөн тооны сургуулийн анги дүүргэлт 60 хүртэлх хүүхэдтэй байгаа. Ийм байдал үүсч байгаа учраас хамран сурах тойргийг хатуу барихыг сургуулийн удирдлагуудад үүрэг чиглэл болгож байгаа.

 

 

 

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүрдүүлэх материал

 

  1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шаардлагатай тохиолдолд үл хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа

 

 

-Сургууль, цэцэрлэгийн төгсөлтийг хэрхэн зохион байгуулах үүрэг чиглэл өгч байгаа вэ?

 

-ЕБС, цэцэрлэгийн төгсөлтийг гурав дахь жилдээ “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж байна. Үсэглэлийн баяр, тав, есдүгээр ангийн төгсөлтийг баяр хийхтэй холбоотойгоор эцэг эхчүүдээс мөнгө төгрөг, хураамж авдаг байдлыг бүрмөсөн хориглосон. Сургууль, цэцэрлэгт юу сурч мэдсэнээ багш, эцэг эхчүүддээ тайлагнах байдлаар төгсөлтийг хийх зөвлөмжийг нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүллээ.

 

-Цэцэрлэгийн таван настнууд төгсөлтийн баяраа тэмдэглээд эхэлцэн байна?

 

-Үүнийг хориглосон зөвлөмж хүргүүлсэн.

 

-Баяр тэмдэглэх зорилгоор эцэг эхчүүдээс мөнгө хураасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Сургууль, цэцэрлэгийн удирдлагад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулсан тушаал гаргасан. Эцэг эхчүүдээс нэгдсэн зохион байгуулалтаар мөнгө хурааж, төгсөлтийн баяраар сургуулийн сурагчид архидан согтуурсан бол тухайн удирдлагад БСШУ-ны сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамж, Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авахаас эхлээд ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ядаж 7 наснаас эхлэн 1 ангид сургах
2020-06-10