АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны иргэдийг тавтай харилцан зорчуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар санал солилцжээ.
Түүнчлэн энэ үеэр гадаадын иргэний виз, бүртгэл, тухайн иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахад ямар шаардлага хангасан байх, визийн ангиллыг хэрхэн өөрчлөх зэрэг үйлчилгээтэй холбоотой эрх зүйн мэдээллийг тодорхой өглөө.
Мөн уулзалтаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд манай улсад энэ оны долоодугаар сард болох АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шуурхай явуулах бэлтгэл ажлын хүрээнд туршлага судлах, сургалт зохион байгуулах хүсэлт тавьсан бөгөөд Элчин сайд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсад тус улсаас эдүгээ нийт 2200 гаруй иргэн оршин сууж байна.