Барьцааны иргэнийг 6.5 сая доллароор солино

img

Филиппинийн Самал арал дахь “Oceanview” гэх амралтын газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд буутай этгээдүүд жуулчдыг барьцаалсан хэрэг гарсан билээ. Жуулчдыг барьцаалсан этгээдүүд алан хядах “Абу Сайяф” гэх бүлэглэлийн гишүүд болохыг тогтоожээ. Тус бүлэглэл өнгөрөгч долоо хоногийн эхээр барьцаанд байсан Канадын иргэн Жон Ридсел гэгчийг хөнөөсөн юм. Энэхүү мэдээллийг Канадын Ерөнхий сайд Жастин Трудо баталсан билээ. Цаазын ялын дараа хэт даврагч барьцаанд байгаа Канадын хоёр дахь иргэн Роберт Халлыг тун удахгүй цаазлах болно хэмээн мэдэгдсэн байна.

 

Тус бүлэглэл өчигдөр Канадын Засгийн газарт хандан, олон нийтийн сүлжээнд 10 минут үргэлжлэх бичлэг байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэгэн хэт даврагч “Трудод иргэнээ аврах боломж олгож байна. Энэ эрэгтэйг 6.5 сая ам.доллароор солино. Иргэнээ аврахад чинь 48 цаг олгож байна” гэж мэдэгджээ.  

 

Канадын эрх баригчид одоогоор хэт даврагчдад ямар нэгэн хариу өгөөгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ