Эмэгтэйчүүдээ алагчилж болж байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч А.Бакей хариулж байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Ардчиллын өнгөн дээр эмэгтэйчүүдээ алагчилж болж байгаа юм уу. Энэ асуудал энд сууж байгаа 11 эмэгтэйчүүдийн асуудал биш. Улс төрд эмэгтэй, эрэгтэйчүүд хувь тэнцүү байсан бол улс орны өнөөдрийн өнгө ийм байх байсан уу гэдгийг нийгэм тунгааж байна.
-ҮХЦ хууль зөрчсөн гэж үзсэн учраас дээрх асуудал гарч байгаа. Эмэгтэйчүүдийн гарын үсэг зурсан саналыг ажлын хэсгийн гишүүдэд тарааж өгсөн. Өөр өөрсдийнхөөрөө асуудалд хандсан байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Энэ хуулийн төслөөр зөвхөн жагсаалтын 28-ын асуудлыг оруулж ирсэн үү. Сонгуулийн хуулийг бүхэлд нь өөрчлөх зохицуулалт хийсэн үү?
-ҮХЦ-ийн хөндөгдсөн заалт дээр л өөрчлөлт оруулсан. Ээлжит сонгууль болохоос 6 сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн олон улсын конвенц байгаа. Гэхдээ ҮХЦ Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс энэ өөрчлөлт орж байгаа юм. Намуудын төлөөлөл ажлын хэсэгт багтсан.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
-Сонгуулийн хуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан. Гэтэл энэ удаагийн хуулиар нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 20 хувь байна гэж тусгасан байна. Энэ заалтыг хэн санаачилсан бэ? Ажлын хэсэгт эмэгтэй гишүүд байсан уу. Сонгуулиар 80 хувь нь ажиллаж, таныг сонгодог шүү гэдгийг дахин хэлмээр байна.
-Ажлын хэсэг дээр ийм санал гарсан. Ажлын хэсгийнхэн санал хураалт явуулсан. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нар, Н.Батбаяр, Н.Энхболд, мөн би өөрөө байсан. Энэ хууль дээр аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувь гэж байгаа. Түүнээс биш эрэгтэй нь 30 хувь бас байж болно шүү дээ. Нээлттэй байгаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Бид зөвхөн жагсаалтын 28-д л зохицуулалт хийх байсан. Гэтэл хуулийг бүхэлд нь өөрчлөх гээд байна. Энэ нь дахин ҮХЦ рүү явах вий. Би буруу дэгээр явж байгаа энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж бодож байна. Бие даагчид мөн томсгосон тойрог дээр хөтөлбөрөө хийсэн байгаа. Одоо тойргууд дээр мөнгөөр зодолдсон асуудал болох нь.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ