Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилна

img

 

Монгол Улс 2012 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил тус өдрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн газар хамтран “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулж байна.

 

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна тэднийг ажлын байранд зуучилж байгаа аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт, стандартын шаардлага хангасан ажлын хувцас хамгаалах, хэрэгсэл, дохио, санамжын үзэсгэлэн гаргажээ.

 

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г. Гантөмөр “Өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдлаас шалтгаалж олон хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байна.. Өнгөрсөн 2014 онд гэхэд үйлдвэрийн ослын улмаас 14 мянган хүн гэмтэж, бэртсэн байгаа юм. Үүнээс сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцөл бүрдээгүйн улмаас тэдгээр иргэнд ажлын байр олдохгүй байгааг анхаарах хэрэгтэй байгаа юм. Хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахдаа тухайн аж ахуй нэгж, ажлын байрны нөхцөл байдлыг нь хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх  төлбөр тавьдаг. Гэвч бид нөхөн төлбөр, акт гаргахаасаа илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад байгууллагад ямар хүндрэл бэрхшээл байна гэдгийг харилцан зохицуулах тал дээр ажиллаж байна. Ер нь цаашдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангуулах талаар олон ажлыг төлөвлөж байгаа” хэмээв.

 

 Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ