Дэлхийн банктай хамтран Монголыг сурталчлав

Монгол соёл, өв уламжлалыг сурталчлах зорилгоор Вашингтон дахь ЭСЯ Дэлхийн банктай хамтран 5 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд “Монголын өв соёлын өдрүүд” арга хэмжээг анх удаа Дэлхийн Банкны төв байранд амжилттай зохион байгуулав.
Элчин сайд Б.Алтангэрэл, Дэлхийн Банкны Монголын асуудал хариуцсан орлогч захирал Ж.Алфорд нар арга хэмжээг нээж үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд Төрийн департаментийн Ази номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон, Дэлхийн Банк, ОУВС-гийн ажилтан, албан хаагчид, АНУ-д сурч, ажиллаж амьдарч буй манай улсын иргэд оролцов.
Элчин сайд Б.Алтангэрэл Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хүчин чармайлт, тэдний чин сэтгэл, Монгол улсад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ “Дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн огцом уналт болон гадаад, дотоод бусад хүчин зүйлсээс хамаарч Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хүнд хэцүү сорилттой тулгарч байгаа хэдий ч, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сантай хамтран энэхүү бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.
Харин ноён Ж.Алфорд 14 улс хариуцан ажилладаг тухайгаа дурьдаад Монгол улс гурван сая хүн амтай хэдий ч бусад улстай харьцуулахад соёл, зан заншил, орчин үеийн ахуйгаараа илүү баялаг түүхтэй, өвөрмөц онцлогтойг тэмдэглэн хэллээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дэлхийн Банкны ажилтан албан хаагчид, зочид төлөөлөгчдөд зориулан Монгол ардын болон сонгодог урлагийн тоглолт зохион байгуулж 3 өдрийн турш Зураач Чоймболын Ганбаатарын “Мөнх тэнгэр” бие даасан үзэсгэлэнг гарган, Дэлхийн банкны ресторантай хамтран Монгол үндэсний хоолоор үйлчиллээ.
Манай улс 1991 оны 2 дугаар сард Дэлхийн банкны 155 дахь гишүүн орноор элсэж 25 жил хамтран ажиллахдаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт 800 гаруй сая ам.долларын 131 төсөл, хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлж, олон төсөл арга хэмжээг цааш үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ