Б.Төмөрбаатар: Бидэнд халамж биш ажил хэрэгтэй байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн газар хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтсан арга хэмжээг “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулж байна. Энэ үеэр "Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан" ТББ-уудын тэргүүн Б.Төмөрбаатартай цөөн хором ярилцлаа.
-Танай байгууллага энэ арга хэмжээнд ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, ажлын байранд зуучилж байгаа юм. Нийслэлийн хөдөлмөрийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил зуучлана. Манай байгууллагын хувьд энэ үйл ажиллагааг дэмжин оролцож, манайд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгүүлж байна.
-Та ямар шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ?
-Би осолд ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хэдийгээр ийм болсон ч гэлээ өөр шигээ адил хүмүүсийг ажил хөдөлмөртэй байлгах гэж, эрүүл хүмүүсийг өөр шигээ болохвий гэж л зорьж олон төрлийн ажил хийж явна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар ажил хийж чадах вэ?
-Гэмтлийнхээ байдлаас л шалтгаална. Хоёр гар, толгой нь эрүүл хүмүүс суугаад хийх ямар ч ажлыг хийх чадамжтай. Гэхдээ ажиллах нөхцлийг нь хангаад өгөх хэрэгтэй. Тийм бол ур чадвартаа тааруулаад ямар л бол ямар ажлыг хийх боломжтой юм.
-Ажил хийдэг хичнээн хүн байдаг бол?
-Тухайлбал, гар урлал, гутал засвар, оёдлын гээд янз бүрийн л юм хийж байна. Төрийн ажил хийж байгаа хүн бол маш цөөхөн. Учир нь дэд бүтэц, тэргэнцэртэй хүн орж гарах тусгай зам тэр болгон байгууллагад байхгүй. Хувиараа юм хийж байгаа хүмүүс бол олон байна. Гэвч санхүүжилт муутай учраас группын мөнгөө эргэлдүүлж л ажиллаж байгаа. Ашиг орлого тааруухан. Гэхдээ юу ч хийхгүй гэртээ өөрийгөө голоод, нийгмээс тусгаарлагдаж байснаас илүү дээр. Гараа хумхиад суугаад байвал группын мөнгө бага учраас амьдрал хэцүү л болно.
-Халамжийн мөнгө гэж сард хэдэн төгрөг авч байна.
-Би гэхэд 220 мянган төгрөг авдаг. Үүнийгээ хүнс, хувцас хэрэглэлдээ зарцуулаад хаа ч хүрэхгүй л байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлийн аль нэг хүн нь харж, халамжлах шаардлагатай болно. Тэгэхээр ажлаасаа гарах болно. Улмаар нэг гэр бүлийн амьдрал эрс доошилдог. Ер нь бид маш хүнд нөхцөлд л амьдарч байна.
-Улсын хэмжээнд тэргэнцэртэй хичнээн хүн байна вэ?
-2001 онд улсын хэмжээнд судалгаа хийхэд 13 мянган тэргэнцэртэй иргэн байдаг гэсэн тоон мэдээ гарсан. Одоо үүнээс илүү өссөн. Үүнээс ажилтай, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс маш цөөн. Дунджаар 3-5 хувь нь. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Нэмэгдэхээс гадна залуужиж байгаа.
-Нэмэгдэж буйн гол шалтгаан юу байна?
-Хүмүүс анхаарал болгоомжгүйгээс бидний эгнээнд орж ирээд байна.Үйлдвэрлэлийн осол, авто ослоос дийлэнхи нь шалтгаалж байгаа. Бага насны хүүхдүүд замын хөдөлгөөний улмаас маш их гэмтэж, нялхаараа шахам хөгжлийн бэрхшээлтэй болж байна шүү дээ. Томчууд замаар гарахдаа гүйгээд гарчихдаг. Үүнийг нь хүүхдүүд дуурайгаад гэрлэн дохио нь асуугүй байхад амжих гэж гүйж байгаагаас шалтгаалсан гэмтэл их байгааг анхаармаар юм. Энэ мэтчилэн нийгмийн сөрөг хандлага маш их байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан ямар асуудал байна?
-Гараад явахад л асуудал үүсэж байна. Тухайлбал би өнөөдөр энэ арга хэмжээнд үг хэлэх ёстой хүн. Гэтэл энэ талбайд орж ирэх гэхэд шат тээглэж байна. Тэгээд зайлшгүй хүний туслалцаа авах юм. Энэмэтчилэн аль нэг албан газар ороход энэ төрлийн асуудал их тулгарах юм. Тэгэхээр эрх зөрчигдөж байна. Нэг ажилд ороход, миний ажиллах чадамж байх юм. Гэвч ажлын байрны нөхцөл нь бүрдээгүйн улмаас ажиллаж чадахгүй байгаа шүү дээ.
-Саяхан хууль батлагдсан?
-Биднийг гэсэн хууль дүрэм гарах л юм. Тэгсэн хэр нь хэрэгжиж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь бидний саналыг ерөөсөө авч туслахгүй байгаа юм. Эрүүл хүмүүс дээрээс харж хууль батлах ондоо. Би гэхэд энэ түвшинд л харж чадна. Дээрээс харж чадахгүй. Түүнтэй адил хууль батлахдаа дээрээс хараад л баталчихдаг. Гэтэл тэр нь бидэнд хэрэгтэй байж чадахгүй болоод байна. Тэгэхээр хууль дүрэм журмандаа бидний саналыг авч тусгах юм бол бид хуулийн орчинд, хүний тусламжгүй амьдарч чадах юм.
-Танд төр засагт дайх үг бий юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй бидэнд өөр өөрсдөө л мэдэхээс хүмүүс мэдэхгүй өчнөөн асуудал байдаг. Хуулинд бидний санал орох нь зөв гээд байгаа нь асуудлаа мэддэгийн хувьд бид л үгээ хэлмээр байгаа юм. Нийгмийн халамжаас илүү бидэнд тохирсон ажилтай л болмоор байна.Ажил хэрэгтэй байна. Яахав. Халамжаа аваад амьдралдаа зарцуулаад л дуусчихдаг. Мөнгө дуусхаар ажилгүй хүн чинь гэртээ уйтгарлаад л янз бүрийн юм бодооод сэтгэлээр унаад л суудаг. Гэтэл юм хийж байгаа хүн өвдхөө ч мартаад, олонтой инээж, хөөрөхөөр сэтгэлзүйн хувьд хүртэл сайхан байна шүү дээ. Нөхцлийг нь бүрдүүлээд өгөөч. Тэгвэл бид бусдын ажил амьдрах боломж байна гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ