Байртай байхын зовлон

Гэр хороололд хөрш зэргэлдээ амьдардаг байсан С.Цэцэгмаа эгч телевизээр гарч байна. Нийслэлийн удирдлагууд санаачлан хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хашааныхаа газраа нэг болон гурван өрөө орон сууцаар сольжээ. Нэг давхрын гурван өрөөндөө дэлгүүр ажиллуулж нөгөө байрандаа амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Тойруулж ухсаар шинээр жорлон гаргах ч газаргүй болсон хашаа худалдаж авсан маань өнөөдөр ийм сайхан орд харш болсон гэдэгт заримдаа итгэж чадахгүй юм. Энэ нь ардчилсан төрийн минь буян” гээд л ярьж өгч байна аа. Тэдний манай хоёр нэг гудамжинд, С.Цэцэгмаа эгчийнх ар тийш харсан, манайх урагшаа харсан хаалгатай. Ар нуруугаараа нийлэн бараг арваад жил хөрш зэргэлдээ явсан юм. Харин манайх хэдэн жилийн өмнө хашаа, байшингаа борлуулж олсон мөнгөөраа урьдчилгаа төлбөрөө өгч байранд орж байв.
Цоохор торгон хэвнэг нөмрөөд
Цонхны хөшиг хэцээр татаж
Халуун ус хананаасаа аваад
Цахилгаан зууханд цайгаа чанаад ...гэдэгчлэн орон сууцанд амьдрах сайхан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд “өдөн дэрнээс өглөө өндийн, өнгийн шаахай өлмийд углах” гэж бус зөвхөн байрны лизинг төлөхийн тулд л өглөө сэрдэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгсэн харин арын хашааны айл маань газраа хоёрын хоёр байраар сольчихож. Гэтэл би юу хийчихэв ээ... Жаахан атаархах сэтгэл төрөөд. Жаахан ч гэж дээ, үнэндээ гэр хорооллын газар үнэд хүрнэ гэдгийг урьдчилж хараагүй өөрийгөө буруутгав.
Орон сууцны зээл хэрэгтэй, мэдээж байртай болох хамгийн боломжит арга. Байнгын орлоготой иргэд сар бүр багахан мөнгө төлөөд явахад асуудалгүй. Дундаж, чинээлэг амьдралтай өрх дийлэнхийг эзэлдэг бол бүр асуудалгүй. Даанч манайх шиг арилжааны банкин дахь нийт хадгаламжийн 90 гаруй хувийг хүн амын ганцхан хувь эзэмшдэг улсад 20-30 жил зээл төлнө гэдэг хэцүү. Тиймээс эдийн засаг хүнд, орлого хомс энэ үед 0.7 га газраа байраар сольчихоод өрийн дарамтгүй, тохилог сайхан орчинд амьдарна гэдэг олдошгүй завшаан. Хэрэв боломжийг зөв бөгөөд богино хугацаанд ашиглаж чадвал гэр хороололд амьдралын боломж тааруу, ядуу иргэд амьдардаг гэх ойлголт өөрчлөгдөж, нийгмийн дундаж давхаргын эгнээг тэлэх боломжтой. Дундаж байтугай чинээлэг давхаргад шууд шилжсэн бэлэн жишээ БНСУ-ын Ганнам дүүргийнхэн байна. Хотын хөдөө гэгдэж шоовдорлуулдаг Баянхошуу, Долоон буудлын гэр хорооллынхон ч “ганнам стильтэй” болж болохгүй юу байх вэ. Заавал байранд орохоос гадна амины орон сууц, дэд бүтцээ өөрсдөө зохицуулахад шаардлагатай хөрөнгийг хүүгүй зээлээр өгөх талаар ч төрөөс бодлого боловсруулж байна. Тэгэхээр боломжийг ашиглаж амьдрах орчноо сайжруулах л үлдлээ.
Байхгүйн зовлон
Нийслэлийн гэр хороололд 200 мянган өрх бий гэж үздэг. Тэнд өсвөр насныхан сагс, хөлбөмбөг тоглож биш амбаарын ар өврөөр орж тамхи татаж цаг нөхцөөнө. Багачуул нь гудамжны нохойтой тоглож, угаадсан дээр гулгаж тоглох. XXI зуунд ийм дүр зургийг захын гудамжнаас олж харна гэдэг гутамшиг. Тэд супермаркетаар үйлчлүүлж, кофе шопт алжаалаа тайлж, спорт зааланд дасгал сургуулилт хийх боломж хомс. Усанд орж чадахгүй байхад юун кофе шоптай манатай. Орон сууцанд амьдардаг хүн өдөрт 250 литр ус зарцуулдаг бол гэр хорооллынхон худаг дээр хэдэн цаг дугаарласны эцэст таван литр усны нормтой. Гэр хорооллынхны тохилог, сайхан орчинд амьдрах хүсэл, нийслэлийн удирдлагын төлөвлөсөн ажил, барилгын компанийн хувьд ашиг олох боломж гэсэн гурван хүслийн огтолцол бол орон сууц. Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд НИТХ-ын тогтоолоор баталсан газруудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулжээ. Гэхдээ 21 талбайд барилга угсралтын ажил эхэлсэн байгаа аж. Үүнээс барилгаа бариад дуусч айлууд нь орон сууцандаа орчихсон, өнөө маргаашгүй орох гэж байгаа өрх олон байна. Эдгээр айл болон барилгын компани “айдгаа авдартаа хийчихсэн” гэсэн үг. Харин газраа чөлөөлөөд өгчихсөн хэрнээ байргүй, түрээсийнхээ төлбөрийг төлж дийлэхгүй болсон хүн ч бас цөөн бус байна. Энэ нь тухайн байршилд орон сууц барихаар шалгарсан барилгын компанийн санхүү, хариуцлагаас шууд хамааралтай. Тиймээс дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн өрх болгон манай хөрш С.Цэцэгмаа шиг азтай байгаагүй бололтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Хосбаяр “Бүрд констракшн” компанитай гэрээ хийж газраа чөлөөлж өгчихөөд хоёр жил шахам “тэнэж” яваа. Найман нэрийн дэлгүүрээ ажиллуулж товхийтэл амьдарч байсан тэдний гэр бүл өнөөдөр өдрийн хоолоо олох гэж зүдэрдэг болжээ. Хөршүүд нь ч нийт найман га газраа чөлөөлж өгөөд өдий хүртэл орон гэргүй явна. “Моннис урбан девелопмент” компани 110 айлын газрыг чөлөөлөөд гурван жил өнгөрчээ. Одоогийн байдлаар тав болон долоон давхар байрны суурь босгоод ажил нь зогсонги байдалд орсон тул айл өрхүүдээс гадна барилга барих гэсэн компаниуд ч эрсдэл үүрч эхэлжээ. Компаниуд үүнийгээ гаднынхан хөрөнгө оруулалтаа татсан, дотоодын эдийн засаг муудсан учраас борлуулалт зогссон зэрэг шалтгаантай холбон тайлбарлаж байна.
Утааг арилгаж өгөөч, гуйя
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд 500 өрхийн 2100 иргэн хашааны газраа орон сууцаар сольжээ. Энэ бага тоо биш ээ. Дээр дурдсан шалтгаан үүсээгүй бол үүнээс илүү олон өрхийг байртай болгох боломжтой байлаа. Гэхдээ бүтэхгүй, байхгүй гэдэг шалтгаанаар ухсан нүх, овоолсон шороог хэвээр үлдээх эрх байхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт зөвхөн G хорооллынхны асуудал болохоос бидэнд хамаагүй гэж орон сууцны айлууд бодож магадгүй. Гэхдээ тийм биш. Учир нь бид нэг л агаараар амьсгалж байгаа, гэр хорооллын янданг устгаж байж утаанаас салах нь ч үнэн. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулсны дараа эрүүл агаараар амьсгалах боломжтой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хоёр жилийн өмнө 588, өнгөрсөн онд 1656, ирэх онд 4044 шинээр ашиглалтад орох юм байна. Энэ хэрээр утаа гаргадаг яндангийн тоо багасна гэсэн үг. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох нь бүү хэл алгуурлаж боломгүй гэдгийг хотын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл танд сануулмаар байна. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн ухрах байтугай зогсох эрхгүй. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулж утааг арилгаж өгөөч, гуйя. Өр зээлтэй ч, эрүүл орчинд амьдармаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ