Сэлэнгийн байцаагчид хууль зөрчжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар болон “Нямбайгаль Даваа” компанийн хооронд үүсээд буй импортын үрийн буудайн чанарын маргаантай асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж,  дэд дарга П.Ангараг, ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, “Төв лаборатор”-ийн дарга Б.Амар,  Дархан-Уул аймаг МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-тай хийсэн гэрээний хүрээнд “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-аас оруулан иржээ. Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудайнаас дээж авахдаа Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар хуульд заасан үндэслэлийг баримтлалгүй, хууль зөрчсөн гэдгийг МХЕГ-аас мэдээлж байна.

 

Энэ тухай МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Дээж авсны дараа гаалийн байцаагч лац тавьдаг юм. Гэтэл лац тавиад, МХГ-ын улсын байцаагч дээжээ лабораторид шинжлүүлэх үед, шинжилгээний дүн гараагүй, ТЭДС-д албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхад, Сэлэнгэ аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын хүмүүс гаалийн лацыг зөвшөөрөлгүй хөндөж, дээж авснаас болоод энэ  маргаантай асуудлыг дэврүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн МХГ-ынхан дур мэдэн дээж авсан энэ байдал өнөөдрийн дагаж мөрдөж байгаа  холбогдох хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь Мэргэжлийн хяналтын байгууллага үрийн буудайнд дээж авах, шинжилгээнд явуулахад хуульд заасан үндэслэлийг баримталдаг. Түүнчлэн бүтээгдэхүүнээс дээж авахдаа шалгуулагч иргэн, хуулийн этгээд талаас төлөөлөл байлцуулах, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэлийг гурван хувь үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Мөн иргэн хуулийн этгээд, лабораторид өгч шалгалтын материалд хавсаргах,  бүтээгдэхүүнээсээ дээж авсан тэмдэглэлдээ хяналтын газрын, аймаг нийслэл  мэргэжлийн хяналтын алба хэлтсийн индекс, улсын байцаагчийн хувийн дугаарыг бичих, дээж авсан тоо хэмжээ,чанарыг хариуцах журамтай.  Гэтэл эдгээр журмыг  Сэлэнгэ аймаг дахь МХГ-ынхан зөрчсөн байна” хэмээв.

 

Түүнчлэн тэрбээр “Тус аймаг дахь  МХГ-ын удирдлага, улсын байцаагчдын хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг  би үнэнээр нь хэлэх ёстой. Энэ бол Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд байж боломгүй алдаа. Сэлэнгэ аймгийн МХГ-ын удирдлага болон улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам  нар хоёр дахь удаагаа ийм ноцтой алдаа гаргаад байна. 2014 онд бас  ноцтой алдаа гаргаж байсан. Тиймээс маргааныг дэгдээж, маргалдагч талын нэг талыг барьсан дүгнэлт гаргаад байгаа Сэлэнгэ аймаг дахь МХГ-ыг үрийн буудайн асуудлаар дүгнэлт гаргах, дээж авах ажлаас бүрэн чөлөөлж байна” хэмээн ярилаа

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХН:
ОЧИЖ ОЧИЖ ШАРАВДОРЖ ШҮҮ. МУУ ҮНЭГ...
2016-05-10
123:
ene sharabdorj bas abiligaduulchihjee
2016-05-10
Дорсүрэн:
МХГ ын Энхсайхан гэж МАН нөхөр цус ойртсон нөхөр бөөн хахуль авдаг гэж удаа дараа сонин гарч байсан. Мод,алт гээд нэлээн олон асуудалиай АИГцынхан шалг нар хувийн сонирхол ихтэй
2016-05-09
Уншигч:
Бичиг цаас зөрчих нь яах вэ. Тэр будаа нь стандартын шаардлага хангаагүй гэдэг нь үнэн юм уу. Булхайгаа бичиг цаасны зөрчлөөр хаах гэж байгаа юм биш биз.
2016-05-09