Хамза бин Ладен: Америкчуудаас аавынхаа өшөөг авна

Осама бин Ладений хүү олон улсад террорист халдлага үйлдэж буй алан хядах бүлэглэлүүдийг нэгдэж, аавынхаа өшөөг авахыг уриалжээ. Энэ талаар британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дэлхийн №1 алан хядагчаар нэрлэгдэж байсан “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладений хүү Хамза бин Ладен аавынхаа өшөөг авахаа мэдэгдлээ. Өдгөө 23 настай Хамза аавынхаа орыг авч “Аль Кайди”-г тэргүүлэхээ мөн мэдэгдсэн аж. Тэрбээр хагас цаг үргэлжлэх бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулан, Сирид үйл ажиллагаа явуулж буй террорист бүлэглэлүүдийг нэгдэж, Израйлийн нийслэл Йерусалимыг чөлөөлөхийг уриалсан байна. АНУ-ын тагнуулынхан Бин Ладеныг хүүтэй гэдгийг 2009 онд тогтоосон билээ. Хамзаг устгахаар америкчууд хэд хэдэн удаа цэргийн ажиллагаа явуулсан ч бүтэлгүйтсэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Хамза анх удаагаа олон нийтийн өмнө гарч, дайчдаа АНУ, Франц, Их Британи улсад халдлага үйлдэхийг уриалсан түүхтэй. Тэрбээр гол дайснаа эдгээр улсыг хэмээн нэрлэж “Тэд эхэлсэн. Бид түүхийг өөрчилж чадахгүй. Тэд биднийг хүчирхийлэхийн тулд зэвсэг барин тэмцэж, ямар ч гэм зэмгүй олон хүмүүсийг хөнөөсөн. Тэд тайван амгалан байсан улс орныг түйвээж, хүүхэд залуусыг хайр найргүй бөмбөгдсөн. Бидний гарыг цус болсон гэдэг. Үнэн хэрэгтэй тэдний гар цусанд будагдсан. Тэд бол өршөөлгүй алуурчид” гэж мэдэгджээ. Уг бичлэгийг Пентагон шалгасан бөгөөд 2014 оны эхээр хийгдсэн бичлэг хэмээн мэдэгдсэн юм.
Хамза өнгөрөгч долоо хоногт Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж, тэмцэж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг “Барууны хөл гар” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Та бүхэн миний саналыг хүлээн авч, бусад бүлэглэлтэй нэгдэх хэрэгтэй. Олон улс исламын шашинтнуудын эсрэг тэмцэж байхад бид ч гэсэн зүгээр сууж болохгүй. Эхлээд Палестинийг чөлөөлөөд, дараа нь харийн дайснуудаас Ойрхи Дорнодыг чөлөөлөх хэрэгтэй. Сириэс илүү Палестинийг чөлөөлөх нь бидэнд илүү хялбар. Би уучлах сэтгэлгүйгээр европчуудын эсрэг тэмцэх цаг ирлээ” гэсэн байна.
“Аль Кайди” бүлэглэлийн дайчин байсан Бакар аль Багдади 2013 оны эхээр бүлэглэлээсээ урваж, Сирид “Исламын улс” гэх бүлэглэлийг байгуулсан билээ. Тэрбээр өнгөрсөн 2014 онд Ойрхи Дорнодыг дамнасан “Халифын вант улс” бүлэглэл байгуулснаа мэдэгдснээр “Аль Кайди” бүлэглэлтэй зөрчилдөх болсон юм. Багдади анхны мэдэгдэлдээ “Аль Кайди бүлэглэл урвагчдаар дүүрсэн. Тэд бидний өрсөлдөгчид биш” гэсэн байна.
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг “Аль Кайди” бүлэглэл үйлдсэн хэмээн америкчууд үзэж, Афганистан болон Пакистанд нууц ажиллагаа явуулах болсон. Америкчууд 2011 оны тавдугаар сард Пакистанд нууц ажиллагаа явуулж, Пакистанд нуугдаж байсан Ладенийг устгажээ. Бин Ладений үхлийн дараа тус бүлэглэлийг Аяман аль Завахири тэргүүлэх болсон. Гэхдээ Бин Ладен үхсэний дараа “Аль Кайди” бүлэглэлийн хүч суларсан юм. Парис, Брюссель хотноо болсон халдлагын дараа европчууд хэт даврагчдаас болгоожлох болсон. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, санхүүгийн түшиц газруудыг бөмбөгдсөөр байна. Бин Ладенг устгасны дараа олон улс “Аль Кайди” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа царцаасан гэхэд болно. Харин Хамзагийн мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Америкчуудыг айлгасан террористын хүү олон улсыг заналхийллээ. Мэдээж хэрэг тус бүлэглэлийн эсрэг ажиллагааг зогсоосон нь хамгийн буруу шийдвэр байжээ” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ