Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг буулгаж, зургаан давхар болгон шинэчлэх аж. Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтжээ. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж, тендерт “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.
Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон барих аж. Тус барилгын 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм байна.
Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гүйцэтгэгч “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулах эрх олгожээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дуусчээ.
В.Бат