Авто замын түүхэнд дээд амжилт тогтоолоо

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлд хийгдэж буй зам засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай өчигдөр танилцлаа. 2012 оноос хойш улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс 870 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулжээ. Үүний үр дүнд 83 км зам шинээр тавьж, 175 км замыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болжээ. Түүнчлэн нийслэлийн авто замын бүтээн байгуулалт өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2.5 дахин нэмэгдсэн тухай Нийслэлийн Засаг дарга хэлж байна.

 

 

 

Дөрвөн эгнээ шинэ замтай боллоо

 

Хотын Засаг даргын очсон эхний газар Их Монгол Улсын гудамж. Их Монгол Улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их тэнгэрийн ам хүртэлх 2.1 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хоёр компани гүйцэтгэж байгаа юм байна.

 

 Их тэнгэрийн ам руу явах замыг 1953 онд барьжээ. Сайд, дарга нар зорчиход зориулж барьж байсан ч сүүлийн жилүүдэд хороолол хотхон ихээр барьсан учраас энэ хэсгийн замын ачаалал ихэссэн. Тиймээс хоёр эгнээ байсан замыг дөрөв болгон өргөсгөжээ. Өргөн болгоод зогсохгүй гэрэлтүүлэг, явган хүний зам, борооны ус зайлуулах хоолой гээд цогцоор нь барьж байгаа аж. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол энэ оны зургадугаар сарын 20 гэхэд бүрэн нээх боломжтой гэж гүйцэтгэгч “Эрдэнэ зам” компанийн үйлдвэр эрхэлсэн захирал О.Алтантуяа хэлэв.

 

Харин нэг онцлог нь өмнөх зам нь бетонон хийцтэй байж. Бетонон суурийг асфальтаар хучихаар өргөтгөсөн заадсаар хагарал үүсэх магадлалтай гэнэ. Тиймээс үүнээс сэргийлж БНСУ-ын мэргэжлийн компанитай хамтран бетон асфальт хоёрын дундуур нийлэг тор хийх технологийг ашиглаж хучилт хийх юм байна. Ингэснээр энэ замд эвдрэл гарахгүй гэж гүйцэтгэгчид тайлбарлав.

 

Удирдлагын академийн өмнөх зам Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсныг иргэд санаж байгаа. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулзвараас Маршал таун хүртэл  0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ. Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол гээд тэр хэсгийн замын сүлжээ бүрэн шинэчлэгдэнэ. Гэрэлтүүлэг, дугуйн зам гээд замын бүх тоноглолыг бүрэн хангасан дээрх замыг ирэх сарын 30 гэхэд хүлээлгэн өгөх аж.

 

 

Шадивлан хотын хороолол болно

 

Өнгөрсөн онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16.35 километр автозамыг өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Гэхдээ зөвхөн суурин хучилт хийж хөдөлгөөнийг түр хугацаагаар нээгээд байв. Харин одоогоор тус замд дахин хучилт хийж байна. Энэ нь тухайн замын насжилтыг уртасгаж, илүү чанартай болгодог аж. Мөн Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 5 км замын өнгө хучилтын ажил эхэлсэн байна. Суурь хучилттай замын зузаан 5 см байсан бол өнгө хучилт хийснээр 9 см зузаан болох аж. Уг ажлыг “Төгс зам” ХХК  гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс замыг бүрэн хаалгүйгээр, эгнээ эгнээгээр хэсэгчлэн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Хучилтын ажлыг энэ сарын 25-нд дуусган замын хэсэгчилсэн хаалтыг бүрэн нээх юм. Улмаар зургаадугаар сарын 5-нд албан ёсоор Улсын комисст хүлээлгэн өгнө гэдгийг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байв.

 

 

Тус зам 1973 онд баригдсан. Баригдсанаас хойш засвар, шинэчлэлтийн ажил хийгдээгүй өдийг хүрчээ. Харин өнгөрсөн жил Нийслэлээс 800 тэрбум төгрөгийн төсөв, санхүүг шийдэж Нийслэлийн хэмжээнд нийт 200 гаруй км замд завсар шинэчлэлт хийжээ. Тус замд 50 у/м төмөрбетон гүүр, замын гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг хийж байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж, 9 см зузаантай хөнгөн хучилт хийжээ. Авто замын газрын дарга Д.Нанзаддорж замын цооролтын хугацаа дунджаар 5-6 жил байдаг бол энэ зам чанарын хувьд гологдохгүй, цооролт үүсэхгүй 15-20 жил болох боломжтой гэдгийг хэлж байна. Мөн 50 метр урт төмөр бетон гүүрийг Энэтхэг технологиор барьсан бөгөөд хүнд даацын машин зорчиход ямар ч аюулгүй байхаар хийснийг албаныхан онцлож байв.

 

Зуслангийн ойр орчмын иргэд зам шинэчлэгдэн сайжирч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийг энэ хэсэгт эхлүүлбэл дэмжинэ гэдгээ ч хэллээ. Жолоочид урьд нь замын гэрэл, тоноглолууд байгаагүй. Одоо бол гэрэл, замын тоноглол иж бүрэн, ус зайлуулах шугам, явган хүний зам гээд хотын төвийн замын нэгэн адил стандарттай зам бий болж байна хэмээн сэтгэл өндөр байгаагаа хэлж байв. Хүн амын суурьшил улам нэмэгдэж буй учраас зуслан биш, үнэн хэрэгтээ хотын хороолол боллоо хэмээх нэгэн ч байлаа.

 

 

 

Нийслэлийн Засаг дарга замын ажилтай танилцахдаа зам засварын ажлыг гүйцэтгэж буй компанийн зарим төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө санхүүгээ авсан эсэх талаар тодруулж байлаа.

 

“Төгс зам” ХХК-ийн өнгөрсөн онд хийсэн ажлын санхүүжилт нэг тэрбум төгрөгийн авлага гарсан аж. Авах ёстой тус мөнгөөс одоо 800 сая төгрөг авах дутуу гэнэ. Хотын захиргаанаас санхүүжилтийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Харин мөнгийг компаниудад хуваан олгож буй Төрийн сангаас энэ долоо хоногт 300 сая төгрөг даруй орно гэсэн мэдээллийг өгчээ. Энэ мэтээр хотын захиргаатай болон захиалагчтай хамааралтай биш улсын мөнгөн сан хөмрөг, Сангийн яамтай холбоотой санхүүжилтийн хүндрэл үүсээд байгааг албаныхан тайлбарлаж байв.

 

Д.Нанзаддорж дарга “Хандгайт, Санзайн амралтын уулзвар дээр хувийн хэвшлийн жижиг дэлгүүр бий. Өнгөрсөн намар бид чөлөөлөх гээд чадаагүй. Нөхөн олговрын асуудлыг нь шийдсэн Засаг даргын захирамж гараад сар гаран болж байна. Гэтэл заавал мөнгө авч байж байшингаа буулгана гээд зам таглаад буучихсан. Мөнгийг нь өгье гэхээр бас л Сангийн яаман дээр гацчихаад байна. Үүнээс болоод замын төгсгөлийн хэсэг болох усны хоолойг барьж чадахгүйд бид хүрээд байгаа” хэмээн ярилаа.

 

Үргэлжлүүлэн тус зуслангийн газрын Салхитын ам, Шадивлангийн зам, Яргайтын богино, Хуурай мухартын ам гэсэн дөрвөн аман дахь замыг 7 метрын өргөнтэй болгож, концесын гэрээгээр барих юм байна.Эхнээсээ зарим гэрээ хийгдсэн учраас Салхитын ам, Шадивлангийн замын ажил зургаадугаар сарын 1-нд эхэлж, наймдугаар сарын 25-нд дуусах аж.

 

 

Зам сайжирснаар газрын үнэ өсдөг

 

Дараа нь хотын захирагч болон бусад албаны хүмүүс Чингэлтэйн 3.3 км замыг шинэчлэн гүйцэтгэгч “Экспресс зам” компанийн ажлын явцтай танилцлаа. Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0.7 км авто замын хөдөлгөөнийг маргаашийн 06.00 цагаас энэ сарын 22-ны 06.00 цаг хүртэл хаах юм байна.

 

 

Тус зам нь 1973 онд баригдсанаас хойш засвар хийгдээгүй 40 гаруй жил болжээ. Харин Нийслэлийн төсвөөр засвар, шинэчлэлтийн ажлыг 2015 оны намар эхлүүлсэн байна. Одоогоор хуучин 7 метрын зорчих хэсгийн өргөнтэй байсныг 9 метр болгон өргөтгөжээ. Түүнчлэн гэрэлтүүлгийн систем, явган хүний зам, ус зайлуулах шугам байрлуулж байгаа аж. Одоогоор 3.3 км замын төгсгөл хэсгийн 1.5 км замыг хучиж бэлэн болгосон байна. Үндсэндээ зургаадугаар сарын 1-нд хучилтын ажил дуусч, зургаадугаар сарын 5-нд хөдөлгөөнийг бүрэн нээж ашиглалтад оруулах юм байна.

 

Энд мөн л газраа чөлөөлөхгүй айл бий гэнэ. Хоёр давхар байшинтай айл газраа чөлөөлөхгүй, явган замын бүтээн байгуулалтад саад учруулж байгаа аж. Өнгөрсөн онд 42 айл хашаагаа татаж, байшингаа буулгасан байна. Энэ жил дахиад 40 гаруй айл хашаагаа татах ажээ. Үүнээс чөлөөлөхгүй гэж байгаа 2-3 айл байгааг гүйцэтгэгч компанийн инженер хэлж байна.

 

Газраа чөлөөлөхгүй байгаа айлуудад хандан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Айлын гадуур явж байгаа зам сайжирна гэдэг тухайн өрхөд ашигтай шүү дээ. Хөрөнгийн үнэ цэнэ нь 30-40 хувь өснө. Бүхий л гэр хорооллоос хурдан зам тавьж өгөөч гэдэг хүсэлт ирж байгаа. Учир нь зам нь сайжраад эсвэл шинэ зам тавингуут хөрөнгийн үнэ цэнэ өсдөг гэдгийг иргэд ойлгоод байна. Жишээ нь Шадивлангийн замыг тавихаас өмнө газраа наймаалсан хүмүүс наймаагаа буцна гэж байна. Яагаад гэвэл зам сайжраад ирэхээр дагаад газрын үнэ цэнэ өснө. Тэгэхээр нүүхгүй гээд байгаа айлыг хэвлэл мэдээллээр зарлаж мэдээлдэг юм уу. Тэгэхгүй бол нийслэл, компани нь ажлаа муу хийгээд байна гэж хүмүүс буруу ойлгоод байх шиг байна” хэмээв.

 

 

Э.Бат-Үүл: Авто замын түүхэнд дээд амжилт тогтоолоо

 

Зам засварын ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ийн ярив.

 

 

-Хотын суурьшил, урсгал нэмэгдээд ирэхээр зам барих, өргөтгөх хэрэгтэй болсон. Тиймээс бид авто машины нэмэгдэж буй тоотой уралдаж замын ажлаа эхэлсэн. Энэ амаргүй уралдаан байсан. Эдийн засаг хүндэрлээ. Бас ч гэж машины тоо буурах болов уу гэсэн “Prius” зэрэг хямд машины борлуулалт нэмэгдээд нөгөө тоо буурах биш бүр өссөн. Өдөрт 200-300 машин шинээр дугаар аваад авто замаар зорчиж байна. Хэрэв үүнтэй уралдах гэвэл Гадаад хэргийн яамны уулзвараас Замын цагдаа, Баянмонгол хороолол хүртэлх тийм урт хэмжээний замыг өдөрт тавих ёстой болно. Энэ биелэгдэшгүй болов ч бид уралдаж замаа өргөтгөж, шинэчиллээ.

 

Нөгөөтэйгүүр 200 гаруй км замыг шинээр тавьж, шинэчлэх ажлыг хийсний үр дүнд уул уурхайн сааралт энэ салбарын эдийн засгийн уналтаас болж үүдсэн ажилгүйдлийн асуудлыг зөөллөх гэж оролдлоо. Тодруулбал Монголбанкны зарим нэг тооцооллоор уул уурхайн олборлолт зогссоноос 50 мянга орчим хүн ажлын байргүй болсон гэж байгаа. 50 мянган хүнийг 3 ам бүлээр бодоход цаана нь 150 мянган хүн буюу, 50 мянган өрх орлогогүй болж, тэжээгчээ алдаж байна гэсэн үг. Эдийн засаг унаад ирэхээр бүгд хот руу шилжиж эхэлсэн. Хот маань ч ажилгүйдэлд нэрвэгдэх гээд дээр нь дахиад нэмэгдэх гээд байгаатай уралдаж 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Засгийн газартай хамтарч, ажлын байрыг хадгалах том үйл явдал болсон гэж хэлье.

 

Нийслэлийн төсөвт 800 тэрбум төгрөг суулгах амаргүй байсан. Яагаад гэвэл өмнө нь улсын төсөвт ачааллаж байсан зардлуудыг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн. Жишээ нь халамжийн 86 тэрбум, нийтийн тээврийн татаас 120 тэрбум гээд Нийслэлийн төсвөөс 200 тэрбумыг суга татаад аваад явчихсан. Гэвч бидэнд гомдол мэдүүлээд суух арга байхгүй. Байгаа эх үүсвэрүүдээ дайчлаад, газраа дуудлага худалдаанд оруулан санхүүжилтээ бий болгосон. Засгийн газар, Хөгжлийн банкнаас ч хөрөнгө зээлээд зам тавьсан.

 

Шадивлан, Шарга морьт зуслангийн иргэд бүтээн байгуулалтад маш их талархаж байгаа. Яагаад гэвэл энэ урт замыг ийм богино хугацаанд хийнэ гэж төсөөлөөгүй. 2012 оноос хойшхи дөрвөн жилд зам барьдаг дээд хэмжээг эвдсэн дөрвөн жил байлаа. Намайг ажил авснаас хойш  “Хүй долоо худаг”-т 27 хоногт 8.7 км замыг тавьсан. Энэ бол манай авто замын түүхэнд хамгийн өндөр рекорд тогтоосон бүтээмжтэй ажил байсан юм. Тэгсэн Шарга морьт, Шадивлангийн замын ажил тэрийг бүр эвдлээ. Энэ замыг бүхэлд нь өргөтгөн шинээр тавьсан. Дээр нь иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний зам, ус зайлуулах шугамтай. Энэ зам авто замын түүхэнд хамгийн том рекорд тогтоосон зам байлаа. Гадны ажилчид хүртэл ямар хурдан зам тавьдаг юм бэ гэж гайхаад байгаа. Хурдан хэр нь чанартай. Уг нь замын цоорхой үүсэх хугацаа 5 жил байдаг. Гэтэл Д.Нанзаддорж дарга надад 15-20 жил цоорохгүй гэж амлаж байна. Манай авто замчид үнэхээр гайхалтай байсан гэж хэлмээр байна” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ники:
Замын компаниуд цалингаа тавьж чадахгүй баына ш дээ мөнгийг нь нь хурдан шийдэж өгөөчээ.
2016-05-19
Irgen:
Zarim neg hund bayarlaj talarhaj suraagui, tsusand ni atasrhal horsoloos uur gerel gegeetei zuil bdaggui humuus comuteraas comment bicheed chichirch suuh yum. Yadaj tiim bh uurt ni hetsuu bdagguin bh da. Hot maani saihan l bolj bna, hugjij devjij l bna. Irgen bur idevhitei, detgeltei l bh heregtei.
2016-05-18
Зочин:
Монгол баян юмаа. Хүүтэй зээл аваад зам бариад л.
2016-05-18
irgen:
Humuusee neg tiish n zoriud mushgin guivuulj namuudiug hoorond n taltsuulj baigaachee. Ali ch nam baisan manai ard tumen l burduulj baigaa. Bat-uul saihan zamtai bolohod ih huchin Utgel gargasan n unen. Gehdee ene bol MAN muu ajillasan gesen ug bish. Uchir n mungendee baigaa yum. MAN bondiin mungiig ergej munge bolohgui yumand zarahgui gesen bodlogotoi tegeed ch bas ard tumnii halaasand munge n orson. Bat-uul saihan ajil hiisen n ch bas unen. Hezee neg tsagt ingej ersdeltei ch bolov argaar zam tavihbtsag n bolson uchir ali aliig n saishaah n zuitei.
2016-05-18
Зочин:
Маш сайн байна урд нь МАН буюу МАХН-ынхан Улаанбаатар хотыг олон жил удирдсан ийм их бүтээн байгуулалт хийгээгүй л юм даа сэтгэл байвал зүтгэл байдаг юм Бат-Үүл мэтийн хотын иргэдээс хотын даргаа сонгодог байх ёстой
2016-05-18
зочин:
Удирдлагын академийн газраас дээрэмдэж хашаан дундуур нь тавьсан зам хаашаа чиглэж байгаа гэж бодож байна. ЭЛДЭНИЙН ТӨГӨЛ гэж Бат-Үүлийн өөрийнх нь хороолол замын зүүн үзүүрт баригдаж байгаа шүү дээ. тийшээгээ л зам тавьж байгаа хэрэг. тэгээд наад замд нь ХҮННҮ хороолол гэж том эрх ашиг бас байна. Хурдын нарны хорооллыг замтай болгох гээд энхтайвны гүүрэн доогуур бас нэг богинохон зам тавьдаг шиг л
2016-05-18
Зочин:
enhyivshi.
2016-05-18
Зочин:
ataarhal hureh vii
2016-05-18
Зочин:
ENE KHUN KHOTYN DARGA URD UMNU BAIGAAGUY MASH IKH AJIL BUTEEN BOSGOLT KHIIJI BAIGAA . ZARIM ERGUU MONGOLCHUUD MAN-YN DURAKUUD L BAIGAA KHUNII KHIISEN YUMYG UNELJI SUR , TA NAR TER ZAMAAR NI YAWJI L BAIGAA , SUITGEJI L BAIGAA SHUU DEE. CHADDAG YUM BOL BAT-UULIIN KHIISEN ZAM BID NAR UUGEER NI YAWAKHGUY GEECH
2016-05-18
zochin:
MUUXAI MONGOL XUN CHI XUNII XIIJ BAIGAA SAIN UULIIG DEMJIJI SUR UR XUUXED CHIN BUYAN BOLNO
2016-05-18
Зочин:
ХҮЙ 7 ХУДГИЙН 7,8 КМ ЗАМ БҮР ЭВДЭРЧ ДУУССИЙШ ДЭЭ
2016-05-18
Зочин:
ХҮЙ 7 ХУДГИЙН 7,8 КМ ЗАМ БҮР ЭВДЭРЧ ДУУССИЙШ ДЭЭ
2016-05-18
ОРШИН СУУГЧ:
ДҮНКҮҮ ҮҮЛЭЭ. ӨЧИГДӨР ЖИГЖИД, ШАРГА МӨРТ, ГҮНТИЙН УУЛЗВАР ДЭЭР ӨНГӨРСӨН ЖИЛ ХИЙСЭН ЗАМ ЧИНЬ 5 ГАЗАР ХОВХОРЧИРСОН. ЛАХИН НӨХӨӨС ХИЙЖ БАЙГААГ ХАРААГҮЙ ЮМ УУ. ЮУГАА ХАРЖ АЖИЛ ШАЛГАЖ ЯВДАГ ХӨГШИН ТӨГЦӨГ ВЭ. НААД НАНЗАДДОРЖ ЧИНЬ УЛААН ЦАЙМ ХУДАЛ ХЭЛЖ БАЙХАЛ . ЮУ НЬ 15-20 ЖИЛ 1 ЖИЛИЙН НАСГҮЙ ХОВХОРЧ УНАЖ БАЙГААГ
2016-05-18
ОРШИН СУУГЧ:
ДҮНКҮҮ ҮҮЛЭЭ. ӨЧИГДӨР ЖИГЖИД, ШАРГА МӨРТ, ГҮНТИЙН УУЛЗВАР ДЭЭР ӨНГӨРСӨН ЖИЛ ХИЙСЭН ЗАМ ЧИНЬ 5 ГАЗАР ХОВХОРЧИРСОН. ЛАХИН НӨХӨӨС ХИЙЖ БАЙГААГ ХАРААГҮЙ ЮМ УУ. ЮУГАА ХАРЖ АЖИЛ ШАЛГАЖ ЯВДАГ ХӨГШИН ТӨГЦӨГ ВЭ. НААД НАНЗАДДОРЖ ЧИНЬ УЛААН ЦАЙМ ХУДАЛ ХЭЛЖ БАЙХАЛ . ЮУ НЬ 15-20 ЖИЛ 1 ЖИЛИЙН НАСГҮЙ ХОВХОРЧ УНАЖ БАЙГААГ
2016-05-18