НӨАТ-ын баримтнаас болоод хэрэгтэн болж эхэллээ

НӨАТ-ын хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуультай холбоотойгоор иргэд НӨАТ-ын сугалаатай баримтаараа азаа үзэж, 20 мянгаас авахуулаад 100 сая хүртэлх төгрөгийг хожих боломжтой болсон юм. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын сугалаанаас 20, 100 мянган төгрөг хожсон хүмүүс ч чамгүй олон байлаа. Мөн 500 мянга, 4 сая төгрөгийг нэлээд олон хүн хожив. Тэр ч битгий хэл 20 саяын азтан цөөнгүй тодорч, цаашлаад 400 сая төгрөгийн азтан ч гарч ирсэн. Харамсалтай нь 400 саяын сугалаанаас болоод өнөөдөр нэг эмэгтэй байцаагдаж, мөрдөгдөөд байж байна. Өнөөх “НӨАТ-ын баримтаас болж хэрэгтэн болох вий” гэж анхааруулаад байсан чинь биелэлээ олж эхлэв бололтой.
Иргэн А.Цэенпил гэх эмэгтэйг хуурамчаар НӨАТ-ын баримт үйлдсэн байж магадгүй гэж шалгаад байгаа юм. Түүний өөрийнх нь ярьж байгаагаар хоёр танихгүй хүний нэр хэлээд, ямар холбоотойг нь тулгаж асуусан гэж байгаа. Дээрээс нь 2.5 жилийн ял онооно гэж сүрдүүлсэн гэж ярьсан байсан. Энэ мэтээр асуудал үүсч эхэллээ. Нэг их сүртэй 400 саяын азтан тодорлоо гээд л сүйд болоод байсан. Олдохгүй байна гэж нэ хэсэг явсан. Гэтэл иргэн баримтаа аваад ирэхээр шалгана, шүүнэ, байцаана гээд бөөн юм болж байна. Ингэх л байсан юм бол, өгч чадахгүй бол үхсэнээ хийж 400 саяын азтан энэ тэр гэж донгодсон юм, эхнээсээ. Яг үнэндээ 100 сая битгий хэл 20 саяыг ч өгч чадахгүй шахуу байгаа шүү дээ.
Сугалааны тохирол явсны дараа 4 сая төгрөг хожсон тэдэн хүн тодорлоо гээд л сүржигнэдэг. Яг тэр хүмүүстээ өгч байгаа юм уу гэдэг нь ч эргэлзээтэй л байгаа.
Ер нь иргэн хүн кодтой сугалааны баримтыг хуурамчаар үйлдэх боломж байгаа юу. Хэрвээ тийм бол сугалааны тохирол явагдсаны дараа хуурамчаар үйлдээд, хэдэн саяар нь ч хамаагүй авчихаж болно биз дээ. Бүхэл бүтэн систем, хамгаалалт энэ тэртэй ч байгаа байх. Тийм байтал энгийн нэг иргэн тэр баримтыг нь хуурамчаар хийчихлээ гэж ГТЕГ-аас үзээ байгаа бол энэ сугалаа угаасаа худлаа, мянгуужингийн үлгэр л байна шүү дээ. А.Цэенпил гэдэг эмэгтэй тэр баримтыг хуурамчаар хийчихдэг юм бол Татварынхан өөрсдөө хангалттай хийж чадах юм биш шүү.
Ер нь нөхдүүд 20, 100 мянган төгрөг хожсон хүнд шууд дансанд нь хийчихээд байгаа. Тэгсэн мөртлөө 500 мянга, түүнээс дээш мөнгө хожихоор яагаад заавал баримтаа авч очих ёстой юм. Бөөн зардал мөнгө болж цахим систем нэвтрүүлж байгаа биз дээ. Бүхий л дэлгүүр, үйлчилгээний газар баримт хэвлэх машинтай болж эхэлж байна. Сугалаа нь хүртэл цахим системээр л явж байгаа биз дээ. Тийм байтлаа 20, 100 мянган төгрөг хожихоор шууд данс руу нь хийгээд, огт тоохгүй байгаа. Харин түүнээс илүү мөнгө хожихоор заавал цаасан баримт нэхээд байгаа нь мөнгөө өгөхгүй гэж гонжирч байгаагаас ялгаа юу байна. Эсвэл иргэдийг очихоор орлого, зарлагыг нь тулгаж, бас л бяцхан байцаах гэж тэгж байгаа хэрэг биш үү. НӨАТ-ын баримт гэж нэг иймэрхүү л байна. Их мөнгө хожвол хэрэгтэн болох л бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ