Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 5 дугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна
“Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төсөл”-ийн хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж, Эрчим хүчний сайд Д.Зоригтод гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.
Гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага зэрэг гэрээний үндсэн асуудлуудыг тусгажээ. “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Power China Resourсes” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг санхүүжүүлж, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК хэрэгжүүлэхээр тусгасан байна. Төсөл хэрэгжсэнээр 300 гаруй монгол иргэнийг шууд ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын болон үндсэн үйл ажиллагааны үе шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд дэмжин, хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ
“Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг баталлаа.
Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллээс бүрдэхээр дүрэмд тусгасан байна. Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, картыг олгох, хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд цахим картыг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар тусгасан. Цахим картын санах ой бүхий чипэнд даатгуулагчийн эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл болох цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх болон даатгалын сангаас хариуцсан төлбөрийн мэдээлэл агуулагдана. Эрүүл мэндийн даатгалын цахим карт, системийг нэвтрүүлснээр даатгалын болон эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан бий болгож, даатгуулагч төлсөн шимтгэл, авсан тусламж, үйлчилгээний төлбөртөө хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жижиг зээл олгоно
Хөдөлмөрийн яамнаас боловсруулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа. Уг журам батлагдсанаар жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, иргэдийн бүлгүүдийг хамруулж, барьцаа хөрөнгийн дутагдалтай зээлдэгчийн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, хариуцлагатай зээлдэгчийг урамшуулах зэрэг бололцоог бүрдүүлэх юм.
Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлнэ
Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг шинэчлэн баталлаа. Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллах юм.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал гомдлыг Засгийн газар хүлээн авлаа
Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарчмын хувьд дэмжлээ.
Осако хотод шинэ Ерөнхий консул томилов
Даваадоржийн Дэлгэрцогтыг Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томиллоо. Д.Дэлгэрцогт нь Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд мастерын зэрэг хамгаалсан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ