Торгоны замын хүүхдүүд
2016-05-26

 

Германд олон жил амьдарсан Б.Чингүнжав эхнэр Анн Катрин болон 1-7 настай гурван охины хамт Германы Майнц хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг зорин 18 улсаар дайрч 25000 км замыг таван сарын хугацаанд аяллын автобусаар туулан ирсэн мартагдашгүй, түүхэн, сонирхолтой аяллыг өгүүлэх Торгоны замын хүүхдүүд аяллын 17 цуврал нэвтрүүлэг Юнивишний видео санд орлоо.

 

Олон зууны тэртээгээс Ази Европыг холбож байсан Торгоны зам дагуу 18 орноор Б.Чингүнжавын гэр бүлийн хийсэн түүхэн энэ аяллыг Юнител группын Прайм пикчэрс болон хөтлөгч Р.Нямбаяр нар хамтран бүтээжээ. Аяллын явцад тэд Герман, Чех, Словак, Польш, Унгар, Румын, Болгар, Турк, Гүрж, Армян, Азербайжан, Иран, Туркменистан, Узбекистан, Кыргызстан, Казакстан, Орос улсуудыг дайрч, орон орны түүхэн дурсгалт газрууд, соёл, хүмүүсийн аж амьдрал болоод бидний бахархал болсон Чингис хааны тухайн улс орнуудад үлдээсэн ул мөр юу байсан зэргийг энэхүү аяллаараа сонирхож аялалтын тэмдэглэл нэвтрүүлэг хийж ирсэн байна.

 

Олон орноор дайрч, газар үзэн, аялсан нь амар хялбар, хөгжилтэй зугаатай санагдаж магадгүй ч үнэндээ аялал маань төсөөлж байснаас хүнд, төлөвлөж байснаас урт хугацаанд үргэлжилсэн боловч тэд шантралгүйгээр аяллаа дуусгаж чадсан юм.

 

Торгоны замын хүүхдүүд төсөл нь аяллын нэвтрүүлгээс гадна баримтат кино болон бүтээгдэж байгаа бөгөөд олон улсын кино наадмуудад өрсөлдөнө. Харин үзэгч та бүхэн аяллын 17 цуврал нэвтрүүлгийг Юнивишний видео сангаас үзэх боломжтой юм шүү.

Shuud.mn
Сонин хачин