Л.Мөнхбаясгалан: Үнэн үгээ хэлэх миний сүүлчийн боломж байх

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр өнгөрсөн шөнө АНУ-ыг зорих байсан ч цагдаагийн байгууллагаас түүнийг хилээр гарахыг хориглосон юм.
Л.Мөнхбаясгалан оффшор дансны асуудлаар олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагатай хамтран ажиллахаар АНУ-ыг зорих гэж байсан юм. Тэрбээр эл асуудлаас үүдэж өөрийг нь хилээр гарахыг хориглосон хэмээн үзэж буй юм.
Л.Мөнхбаясгалан “Панамын баримтуудын талаар хоёр цуврал нэвтрүүлэг хийж буй. Нэгийг нь цацсан. Хоёр дахь нэвтрүүлгээ бэлдэхээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар АНУ руу явах гэж байлаа. Гэтэл өчигдөр орой 20.00 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав гэдэг хүн ярьж, дуудсан. Дараа очъё гэтэл албадан авчирна гэхээр нь би очсон. Гэтэл шууд эрүүгийн хэрэг үүсгэж, байцаалт авна гэсэн. Би иргэний эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэсэн мэдээллийг өгөв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та АНУ руу нисэх гэж байсан. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас таныг ирээч гэсэн үү?
-С1 телевиз тус байгууллагын гишүүнээр элсч, би төлөөлөгчөөр нь ажиллах байсан юм. Тэгээд хамтран ажиллаж, оффшор данстай гэх Монголын 49 хүний баримтыг авчирч, нэвтрүүлгийнхээ хоёрдугаар хэсгийг хийх гэж байлаа. Ийм саад учирна гэж ёстой бодоогүй. Би маш их их харамсч байна. Монголын сэтгүүлчид дэлхийн сэтгүүлчидтэй хамтран ажиллах боломжийг хаасанд би их харамсч байна.
-Танд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?
-Цагдаагийн байгууллагаас надад сануулсан учраас би тодорхой зүйлийг ярьж болохгүй байх. Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр зүйл залилангийн хамгийн хүнд хэлбэрээр нь эрүү үүсгэсэн. Бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан гэж 10-15 жилийн ялтай хүнд гэмт хэргийн зүйл надад уншиж өгсөн. Би энэ талаар мэдэхгүй.
-Хэнийг залилсан юм бэ?
-Надад залилуулсан хүн байвал одоо гарч ирэх хэрэгтэй. Би улсад ажиллаж байгаагүй. Би улсаас нэг ч төгрөг аваагүй, би нэг ч хүнийг залилаагүй. Харин цагдаагийн байгууллага бол 2013 онд МИАТ ТӨХК-тай хийсэн зар сурталчилгааны гэрээг гаргаж ирж, бүлэглэн залилан хийсэн гэж үзсэн.
- МИАТ-ийн гэрээний талаар тодруулаач?
2013 онд гэрээ байгуулсан. Би өөрөө гэрээгээ цагдаагийн байгууллагаас харлаа. МИАТ-ийн шинэ онгоцыг Монголд авчрах, төрөөс баримтлах иргэний агаарын тээврийн бодлогыг сурталчлах чиглэлээр гэрээ байгуулсан. Хэрвээ энэ гэрээ асуудалтай бол маш олон хэвлэлийн байгууллага дуудагдана.
-Энэ талаар өмнө нь танаас мэдүүлэг авч байсан уу?
Өмнө нь ямар байцаалт аваагүй. Гэнэт ингэж байгаа нь шалтаг гэж би бодож байна.
-Таныг АНУ-руу зугтах гэж байсан гэх мэдээлэл байна?
Надад эх орноосоо зугтах ямар ч шалтгаан байхгүй. Энэ бол худлаа мэдээлэл. Хоёр нялх хүүхдээ орхиод зугтана гэж байхгүй. Намайг гүтгэсэн, худлаа мэдээлэл цацсан болгоныг би одоо шүүхэд өгнө. Одоо тэвчихгүй.
- АНУ руу нисэх зардал хаанаас гарч байгаа вэ?
-Би С1 телевизэд гэрээгээр хоёр нэвтрүүлэг өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг С1 телевиз сарын 15 сая төгрөгөөр худалдан авдаг. Энэ мөнгөөр би амьдардаг. Студиэ ажиллуулдаг. Надад АНУ-руу 26 сая төгрөгөөр явах боломж байна. Би аль ч намын гишүүн биш. Хоёр намын гишүүдийн оффшор дансны мэдээллийг авчрах гэж байгаа намайг хэн санхүүжүүлэх юм бэ.
-Таныг дарамталсан тухай өмнө нь ярьж байсан?
-Би 10 жилийн хүчинтэй АНУ-ын визтэй. Энэ сарын 24-нд онгоцны тийзээ авсан. Түүнээс хойш гадагшаа зугтах гэж байгаа юу хэмээн олон хүн утасдсан. Би 17 жил огт дуугараагүй. Намайг гүтгэдэг, утсыг маань чагнадаг. Найз нөхдөөр маань дарамталдаг. Миний гэр бүл байнга дарамтанд байдаг. Төрсөн дүү, эгч нараа миний эгч, дүү гэдгээ битгий мэдэгд гэж хэлдэг. Энэ миний чин үнэн. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажиллаж байгаа сэтгүүлчдэд байх асуудал гэж үзсэн. Гэвч одоо тэвчиж чадахгүй. Магадгүй энэ миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байх. Би өчигдөргүй сэтгүүлч биш. Би 20 жил сэтгүүлчээр ажилласан. Би хүний эрх, эрх чөлөөний, ардчиллын төлөө дуугарсан, бичсэн, нийтэлсэн. Монголд хэвлэлийн эрх чөлөө алга. Улс төрийн бүлэглэлүүд өөр хоорондоо өшөөгөө авахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг дарамталж, мохоож байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ