“Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

img

 

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслол өнөөдөр “Чингисийн талбай”-д эхэллээ.

 

Их Эзэн Чингис хааны талбай дахь Сүхбаатар жанжны хөшөөний урд талд лэд дэлгэц бүхий тайз засаж, өмнө нь 2000 ширхэг сандал байрлуулжээ. Сандалны араар уралдаанд оролцож байгаа анги, байгууллагуудын логог байршуулсан харагдана. Логоны дээд хэсгээр улаан, хөх бэлэгдэл бүхий тугууд намиран байна. Түүнчлэн талбайн урд хэсэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын байгууллагуудын зэвсэг техникийн үзэсгэлэн, ангиудын үйл ажиллагааг танилцуулсан сурталчилгааны самбар байршуулжээ.

 

“Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн арга хэмжээ сүр жавхаатай эхлэн тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны II шатанд шалгарсан анги, байгууллага, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн хамт УДБЭТ-ын зүгээс алхан талбайд байраа эзлэн жагсав.

 

Үүний дараа баярын арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үг хэлэв. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж үг хэллээ. Үүний дараагаар үлээвэр хөгжимчид Төрийн дуулал эгшиглүүлэн арга хэмжээг албан ёсоор нээлээ.

 

Ийнхүү Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын жагсаалын үзүүлэх тоглолт, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт эхэлж байна. Үзүүлэх тоглолтын үеэр шүүгчид дүнгээ гаргах юм байна. Уралдааны эхний 9 байрт шалгарсан анги, байгууллагд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 13.30 цагт болох бөгөөд үүгээр баярын өдрийн эхний хөтөлбөр дуусах юм.

 

Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар,  ЗХЖШ-ын дарга, орлогч дарга, газрын дарга нар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид оролцож байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн нутгийн, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцож байгаа аж.

 

 

"Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн дараагийн арга хэмжээ 19.00 цагт “Чингисийн талбай”-д үргэлжлэнэ. Энэ үеэр

 

-  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 40 минутын тоглолт
-  Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн 2 цагийн уралдаан
-  “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” 50 минутын тоглолт болох юм.

 

Үдшийн 23.00 цагт арга хэмжээг хааж ёслолын буудлага буудсанаар “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа дуусна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ