Япон сэтгүүлчийг барьцаалжээ

Сирид сурвалжлага бэлдэж явсан Японы сэтгүүлч Ясидаг “Аль Кайди” бүлэглэлийн дайчид барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ясида өнгөрсөн оны долоодугаар сард холбоо тасарсан байна. Энэ сарын эхээр хэт даврагчид Японы Засгийн газарт хандан мэдэгдэл хийх үеэрээ Японы иргэнийг барьцаалсан тухайгаа мэдэгдсэн билээ.
Хэт даврагчид өчигдөр олон нийтийн сүлжээнд барьцаалаад буй сэтгүүлчийн зургийг нийтэлсэн байна. Сэтгүүлч “Надад туслаач, энэ бол миний сүүлчийн боломж” гэж японоор бичсэн цаас барьсан байжээ. Японы Гадаад хэргийн сайд Фумао Хишида “Сэтгүүлчийг амьд байгаасай хэмээн найдаж байна. Түүнийг аврахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж мэдэгдсэн байна.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн онд Японы хоёр иргэнийг цаазалсан билээ. Хэт даврагчид иргэн тус бүрт 100 сая ам.доллар өгөхийг Японы Засгийн газраас шаардсан ч уг саналыг Ерөнхий сайд Шинзо Абе хүлээн авахаас татгалзсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ