Туршилт дахин бүтэлгүйтэв

img

Пхеньян пуужин харвасан ч бүтэлгүйтсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Хойд Солонгос улс өнөөдөр 5.20 цагийн орчимд Вонсан хотын ойролцоогоос пуужин хөөргөх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн талаар тагнуулын мэдээллээс иш татан Өмнөд Солонгосын армийн жанжин штабаас уламжлав.

 

Уг үйл явдалтай холбогдуулан БНСУ дайны бэлэн байдал зарлаж, хил орчмынхоо хяналтыг чангатгасан талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Ерөнхийлөгч Пак Ын Хэ Батлан хамгаалах яамны удирдлагуудтай утсаар ярилцсан талаар Хөх ордноос уламжлав. Токио болон Сөүлийн эрх баригчид энэ амралтын өдөр Пхеньяныг пуужин туршиж магадгүй хэмээн сэрэмжилж, урьдчилсан арга хэмжээ авч эхэлсэн билээ. Энэ сарын 28-нд Пхеньяны туршилтын талбайд идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах болжээ.

 

Японы Батлан хамгаалах яамны тэргүүн өчигдөр Хойд Солонгосын харвасан ямар ч биетийг устгах тушаалыг Өөрийгөө хамгаалах хүчинд өгчээ. Мөн тус улсын Агаарын цэргийн хүчнийхэн Токиогийн төв дэх Батлан хамгаалах яамны байрны орчимд пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулсан бол Тэнгисийн цэргийнхэн Японы эрэг орчимд “Aegis” радарын систем болон пуужин эсэргүүцэгчийг байршуулжээ.

 

Пхеньяныг “Мусудан” хэмээх пуужин туршсан байх магадлалтай хэмээн үзэж байна. Гэхдээ тус улс ямар төрлийн пуужин туршсан нь тодорхойгүй байгаа юм. Пхеньян өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд дунд тусгалын “Мусудан” пуужин харвасан билээ. Уг пуужин гол байгаа онож чадалгүй Японы тэнгист унасан юм. “Мусудан” пуужин 1.3 тонн цөмийн цэнэгтэй хошуу зөөн 300 км газар тусах хүчин чадалтай хэмээн “KCNA” агентлаг мэдээлсэн байна.

 

Ким Чен Ун Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ “Мусудан пуужин Японы төв болон АНУ-д хүрэх чадвартай” гэсэн юм. Тэрбээр мөн эрдэмтдийн гарган авсан устөрөгчийн бөмбөгөөр Америкийг газрын хөрснөөс арчиж чадна хэмээн заналхийлсэн удаатай.

 

Энэ сарын 9-нд эрх баригч Хөдөлмөрийн намын хурал зохион байгуулагдсан юм. Уг хурлын үеэр Ким Чен Ун олон улстай дайсагнахаа зогсоохоос гадна Өмнөд Солонгостой нэгдэх асуудлаар ярьсан юм. Тэрбээр мөн олон улсын энхийн төлөө пуужин болон цөмийн туршилт хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь Ким Чен Уны бодол 20 гаруй хоногийн дотор өөрчлөгдөж, дахин пуужин харвав. Пхеньян олон улсын шаардлагыг үл тоон дахин пуужин харвасан шалтгаанаа тайлбарлаагүй байна.

 

 

Барууны хэвлэлүүд уг туршилтыг Европын холбооны хоригтой холбон бичиж эхэллээ. Европын холбооны удирдлагууд өчигдөр Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин чангатгасан юм. Хоригт Хойд Солонгосын ирэх, явах бүх усан болон агаарын тээврийг хориглосон юм. Мөн Европын холбоонд багтах 28 орон тус улсад тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдахыг хатуу хориглосон юм. БНХАУ, ОХУ-ыг Пхеньянд цөмийн зэвсэг, пуужин зэрэг үйлдвэрлэхэд ашиглах бараа бүтээгдэхүүн нийлүүлвэл хатуу арга хэмжээ авахаа урьдчилан сануулжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам “БНХАУ бол Хойд Солонгосын гол экспортлогч улс” хэмээсэн бол ОХУ-аас тайлбар хийгээгүй байна.

 

Уг туршилттай зэрэгцэн “KCNA” агентлаг удирдагч Ким Чен Уны жижгэрүүлсэн устөрөгчийн бөмбөгтэй танилцаж буй зургийг нийтэлжээ. Хойд Солонгос удахгүй цөмийн туршилт хийж магадгүй хэмээн болгоомжилж буйгаа Вашингтон нуугаагүй байна. Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэн юм. Туршилтын үеэр 5.4 баллын хүчтэй чичирхийлэл хөрсөнд мэдрэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жирийн иргэн:
Дэлхий нийтээрээ хавчаад, гадуурхаад солиороод байхаар чинь ганц чаддага, айлгах арга нь энэ цөмийн зэвсэг л болж байна шүү дээ.Хойт Солонгос тэгээд яах юм.Төрийн эргэлт хийлгэж Сири шиг л байлгахыг хүсээд байгаа биз дээ.Энэ шудрага бус байна.НҮБ гэж сүүлийн үед их бөөрөнхийлдөг, хэт туйлширсан байгууллага боллоо доо... Юу л болох бол.
2016-05-31
Зочин:
Одоо баахан эрдэмтэдээ гэр бүлтэй нь цаазлах байх даа
2016-05-31