
Монголчууд хагас зуун жилийн дараа өөрийн хүчээр төмөр зам тавилаа. Хөрөнгө мөнгө нь байгаад хүсэл нь нэгдэж чадвал юу ч хийж чадна гэдгээ харуулж байна гэж төмөр замынхан хэлж байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Замын-Үүдээс БНХАУ-ын хил хүртэл монголчуудын тавьсан 3,5 км замын ажилтай танилцлаа. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр Замын-Үүдээс урд хөршийн хил 3,5 км төмөр замыг 27 хоногт тавьж чаджээ.
Өргөн царигийн энэ төмөр замыг 56 жилтийн дараа ийнхүү монголчууд өөрсдөө анх удаа тавьж байгаа юм. Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг анх 1956 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ замаар хоногтоо 12 хос галт тэрэг буюу 1320 вагон явдаг бөгөөд 3000-5000 зорчигч дамжин өнгөрдөг байна. Мөн Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь энэ боомтоор дамждаг.
Худалдааны эргэлтийн гол суваг болсон Замын-Үүд боомт сүүлийн жилүүдэд ачааллаа даахаа байж хил дээр ачаа бараа саатаж тэр хэмжээгээр зардал, чирэгдэл, бухимдал нэмэгдэх болсон. Тиймээс өнгөрсөн жилийн есдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Замын-Үүд боомтын ачаа эргэлтийг сайжруулахаар өргөн царигийн зам нэмж тавихаар болсон юм. Уг ажлыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмэлэг сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж дуусгаад байгаа юм байна.

Шинээр төмөр зам тавих ажлын 70 хувь нь далан босгох байдаг гэнэ. 3,5 км төмөрзамыг тавихад 3-5 метр өндөртэй далан босгосон байна. Далан шороог ойролцоох газраас зөөж мэргэжлийн түвшинд хийсэн гэж танилцуулж байлаа.
Мөн шинэ төмөрзам Монголын Улсын хилийн багана хүрээд дууссан бөгөөд урд хөршийн барьж буй замтай холбох юм бол Замын-Үүд боомтын хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 24 хос галт тэрэг буюу 2640 вагон хоёр улсын хооронд явах боломж бүрдэх юм байна.
Шинэ төмөр замын ажилтай танилцсан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга монголчууд өөрсдийн хөрөнгөөр, гараар төмөрзамаа тавьж чадаж байгаад бахархаж байлаа. Тэрээр “УБТЗ-ын хөрөнгөөр 3.5 км төмөр зам баригдаж дууслаа. Маш богино буюу сар орчмын хугацаанд төмөр замаа бариад дууссан. Хятадын талаас төмөр зам барих ажлаа 2012 оны төлөвлөлтдөө оруулна гэж байгаа. Төмөр зам барихад маш хэцүү гэсэн ойлголтыг энэ удаа өөрчилж чадлаа. Хөрөнгийг нь шийдээд өгвөл төмөр замаа өөрсдөө барьж чаддаг гэдгийг үүгээр харуулж байна. Өнгөрсөн наймдугаар сард холбогдох тогтоол, шийдвэрүүд нь гарсан. Есдүгээр сар гэхэд ажил эхлээд аравдугаар сард 3.5 км төмөр зам барьж дуусгасан.
Нийт 2,8 тэрбум төгрөгөөр энэ замыг барьсан. Хөрөнгийн хувьд нэлээн хэмнэлттэй барилаа. Рэйлс төмрүүдийг гадаадаас аваагүй. УБТЗ-д байснаа ашиглаж, өөрсдийн хөрөнгөөр рейлс төмрөө тавьсан. “Хөтөл”-ийн бетон дэрний үйлдвэрт бетон дэрнүүдээ үйлдвэрлэсэн. Даланг ч чанар сайтай хийсэн. Замын-Үүд манай улсын эдийн засгийн хамгийн гол цэг. Гэтэл хамгийн их хоцрогдсон бүс болчихсон. Эрээнээс хамааралтай болчихсон учраас цаашид орж гарч буй хүмүүс, ачаа барааг анхаарч үзэх дүр зураг харагдаж байна гэлээ. Тэгвэл Замын-Үүд өртөөний дарга Г.Амарсайхан шинэхэн замаар явах шинэ вагонууд тус боомтод ирсэн гэдгийг дуулгалаа.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд Эрээний хоорондын ачаа тээвэрлэлт хоёр дахин нэмэгдэнэ. Монгол-Хятадын протоколд зааснаар хоногт 12 хос галт тэрэг явах ёстой. Гэхдээ бодит байдалд 9-11 галт тэрэг явдаг. Хос зам ашиглалтад бүрэн орвол дээд хүчин чадал нь 22 хос галт тэрэг явуулдаг болно. Шинэ зам 2012 оны нэгдүгээр улиралд багтааж холбох болов уу гэж бодож байна гэж тэрээр хэлсэн.

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захиалсан шинэхэн вагонууд Замын-Үүдэд ирээд байна. Монгол, Хятадын Засгийн газартай гэрээ байгуулан, хөнгөлөлттэй зээлээр вагоны парк шинэчлэлийн төсөл боловсруулж, 245 вагон авахаар болсон. Эхний ээлжийн 120 вагоныг Хятадын “Чайна норс рэйлвэй” компаниас худалдан авч оруулж ирээд байна
Энэ компани дэлхийд вагон үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог. Ачааны вагон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч. Тиймээс энэ компаниас вагон захиж авч байгаа юм. Мөн хоёрдугаар сард аяллын таван зүтгүүр, долдугаар сард сэлгээний нэг зүтгүүр авчирна” гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа хэлж байлаа. Тус компанийн барихаар хөлс хуулалтын ажлыг нь хийгээд байгаа Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км орчим зам монголчуудын хүсэл, зүтгэлээр богино хугацаанд тавигдах болмож байгаа гэдгийг энэ удаагийн ажлаар харагдлаа гэж төмөрзамынхан хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ