Б.Бат-Өлзий: Хорооныхоо ойр орчмоос интернет үнэгүй ашиглаарай
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлтийн арга хэмжээ энэ өдөр “Чингисийн талбай”-д болов. Энэ үеэр Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс дараах тодруулгыг авлаа.
-Иргэдэд үнэгүй интернет ашиглах боломжтой гэсэн. Хэрхэн холбогдож ашиглах талаар тодруулахгүй юу?
-Энэхүү төсөл маань “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон ажлуудын нэг. Энэ маань Дүнжингарав, Драгон төвд нээлтээ хийсэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй адилхан алслагдсан хороодод төрийн үйлчилгээг хүргэж байна гэсэн үг юм. Энэ үйлчилгээг иргэн хэрхэн авах вэ гэхээр өөрийн амьдарч буй хорооны 100-150 метр орчимд интернетэд холбогдох боломжтой утас болон нөүтбүүкээ ашиглан үнэ төлбөргүй интернет ашиглах боломжтой юм. Ингэхийн тулд wifi-аа асаагаад “UBWIFI” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернетэд нэвтрэн орох боломжтой.
-Бүрэн үнэгүй гэхээр Youtube, facebook ашиглах боломжтой гэсэн үг үү?
-Болно. Иргэд хорооныхоо ойр орчмоос 24 цагийн турш интернетэд холбогдох боломжтой. Хорооны ажилчид унтраачихгүй л бол/инээв.сур/. Хэрэв холбогдохгүй бол иргэд санал гомдлоо бидэнд ирүүлж болно. Бид арга хэмжээг яаралтай авна.
-Одоогоор аль аль хороонд интернетийн төхөөрөмж суурилуулаад байгаа вэ?
-Төсөл маань өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Одоогоор Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн төвийн 4 дүүрэгт энэхүү интернетийн төхөөрөмжийг суурилуулсан байгаа. Үүнээс хойш Багахангай, Багануур зэрэг бүх дүүрэг, хороодод интернетийг холбоно.
-Багахангай, Багануурт хэзээ суурилуулах вэ?
-Энэ сард багтаан 155 цэгийг бүрэн хамруулж дуусна. Энэхүү төсөл цаашид үргэлжлэн олон шат дараатай ажил хийгдэнэ. Эхний ээлжинд 151 хороодод болон Багахангай, Налайх, Багануур дүргийн Засаг даргын Тамгын газрын байранд интернетийн төхөөрөмж суурилуулах юм. Цаашид олон ажил хийгдэх учраас одоогоор бол төсөл дөнгөж талдаа орж байна гэсэн үг л дээ.
-Олон хүн зэрэг орохоор интернет гацах зэрэг асуудал гарах болов уу. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Мэдээж ямар ч зүйлд хязгаар бий.Гэхдээ нэг хороонд 200-250 хүн нэгэн зэрэг орох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсоноор иргэд Нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn газар өмчлөлийн цахим систем, www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www,manaikhoroo.mn зэрэ нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад холбогдох юм.
-Төхөөрөмж суурилуулахад хичнээн төгрөг зарцуулах вэ?
-Эхний ээлжинд нэг тэрбум төгрөг зарцуулаад байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ