Хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй 00 ашигладаг

img

 

Эрүүл мэнд, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, хамтран нүхэн жорлонгийн стандартыг шинэчлэх ажлыг 2014 онд эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийн дөрвөн хувилбарыг  иргэдэд өчигдөр санал болгов. Энэ үеэр ЭМСЯ-ны Орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэгээс стандартад нийцсан ариун цэврийн байгууламжийн талаар  тодрууллаа.

 

 

-Ариун цэврийн байгууламжтай холбоотой стандартыг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?

-Хүн ам өсч, суурин соёл иргэншил үүсч, хот тосгон хөгжихийн хэрээр тэндээс гарч буй хог, хаягдал, бохир, ялгадасийг эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл, аюулгүйгээр хэрхэн зайлуулах вэ гэдэг асуудал хүн төрөлхтөнд тулгарсан. Энэ асуудлыг улс орон бүр өөрсдийн онцлогт тохируулан шийдэж ирсэн билээ. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдаад өдгөө 377 жил болжээ. Гэвч манай улсын хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж буюу бидний хэлж заншсанаар жорлон ашигладаг. Үүнээс гэр хорооллийн нийт өрхийн  94.8 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй нүхэн жорлон ашигладаг байна. Иймд Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 4.7 дэх хэсэг буюу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 5924:2015” стандартыг 2016 оны хоёр дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэхээр болсон. Стандартын зорилго нь эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх юм.

 

-Стандартын хэрэгжилтэд хаанаас хяналт тавих вэ?

-Нүхэн жорлон , угаадасны нүх, техникийн шаардлага стандартын хэрэгжилтэд дүүрэг, хороодын Засаг дарга хяналт тавина. Харин ашиглалт, үйлчилгээ зөв явж байгаа эсэхэд МХЕГ хяналт тавих эрхтэй.

 

-Стандартыг хэрэгжүүлээгүй иргэдэд хариуцлага тооцох уу?

-Иргэд өмнө нь хэрэглэж байсан жорлонгоо ашиглаж дуусгана. Нэгэнт барьсан жорлонг өөрчилж, шинэ хувьлбар руу оруулахад хүндрэлтэй. Харин шинээр жорлон барихдаа шинэчлэгдсэн стандартыг баримтална

 

-Жорлонгийн стандарт өмнө нь нэг л байсан. Харин өнөөдөр шинээр дөрвийг танилцуулж байна?

-2008 онд Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлагын стандартад ганцхан жорлонгийн загвар байсан. Харин одоо дөрвөн загварыг санал болгож байна. Ингэснээр хэрэглэгч, аж ахуйн нэгжид сонголт бий болж байгаа юм. Бас иргэд жорлон гэхээр гадаа байх ёстой юм шиг санадаг. Шинэ стандартын дагуу байрлуулж чадвал гэртээ жорлонтой болж болно. Бага усаар зайлуулдаг жорлон гэхэд гэрт байж болно. Харин био жорлон нь заавал гадаа байна. Агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлонг гадаа, эсвэл байшингийн зэргэлдээ байрлуулж болно. Энэ нь жорлон айл гэрээс 8-10 м зайд байна гэсэн ойлголтыг үгүйсгэж байгаа юм.

 

-Агааржуулагчтай нүхэн жорлон гэж яриад байна. Энэ жорлон өмнө нь байсан стандартаас юугаараа давуу талтай вэ?

-Агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлонгийн хувьд Агааржуулалтын хоолойтой, хөрсний нөхцлөөс хамааран нүхийг энгийн болон хүчитгэж доторлосон ариун цэврийн байгууламж. Онцолог нь энгийн жорлонтой харьцуулахад үнэргүй. Бага хэмжээний усаар зайлуулах жорлон нь 2-3 л ус хэрэглэдэг, үнэргүй, соруулах боломжтой тул дахин нүх ухах шаардлагагүй. Харин Бордоожуулах жорлон нь ялгадсыг өтгөн, шингэнээр нь ялгадаг бөгөөд хөрс бохирдуулахгүй, үнэргүй, цэвэр, тохилог юм. Хуурайшуулах жорлон нь ялгадсыг хоёр тасалгаанд ээлжлэн хурааж үртэс, үнс зэрэг хуурай зүйлийн тусламжтайгаар усгүйжүүлж хатаадаг. Бүрэн хатсан өтгөн нь хөрсний бүтцийг сайжруулдаг давуу талтай.

 

-Иргэд энэ төрлийн жорлонг хаанаас, хэдэн төгрөгөөр авч болохыг тодруулахгүй юу?

-Стандартыг http://www.estandard.gov.mn/-аас авч болно. Харин худалдан авахыг хүссэн иргэд Улаан загалмай нийгэмлэг, Ус, ариун цэвэр” ТББ болон холбогдох байгууллагад хандаж болно. Бид холбогдох газруудтай нь холбож өгч болно. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа ч одоогоор манайд энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулдаг таван компани байна. Одоогийн байдлаар эдгээр компанид 500-гаад захиалга ирсэн байгаа. Нийслэлийн ЗДТГ ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд тусална. Үнийн хувьд 800 000-1.2 сая төгрөг. Нүхэн жорлонг 800 мянган төрөгийн үнэтэй гэж ойлгож болно. Харин хамгийн сайн хувилбар нь био жорлон. Энэ жорлонг бордоожуулах жорлон гэж нэргэж болох бөгөөд өтгөн, шингэнг ялгадаг. Хуримтлагдсан өтгөнөө суллах компанид зарж болно. Суллах компани айлуудтай гэрээ хийж, улирал тутамд өтгөнийг нь 10 мянгаар худалдаж авна. Түүгээрээ бордоо хийнэ.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ork:
монгл гэртээ баах уу? битгий тэнэгт. бас нэг тэнэг хаанаас гараад ирэв ээ. цус ойртноо гэж энэ дээ
2016-06-08