Истанбулд дахин халдлага гарав

img

Туркийн хоёр дахь том хот Истанбулд өчигдөр халдлага гарч олон хүн амиа алдлаа. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Истанбул хотын Везнежилер дүүргийн автобусны буудлын дэргэд зогсч байсан цагдаагийн албан хаагчдын автобусны ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэрсэн хэрэг өчигдөр гарчээ. Дэлбэрэлтээр 11 хүн амиа алдаж, 30 орчим хүн шархтсан байна. Истанбул хотын дарга Васел Шахин уг халдлагаас хагас цагийн дараа мэдэгдэл хийхдээ “Халдлагын үеэр цагдаагийн долоон албан хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдсан. Мөн 36 хүн шархтаж, 10-ынх нь биеийн байдал хүнд байна. Цагдаагийнхан хэргийн газрыг хяналтадаа авч, халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн” гэж хэлжээ.

 

Дэлбэрэлтийн гол зорилго цагдаагийн ажилчид байсан хэмээн хотын дарга онцолсон байна. Цагдаагийнхан уг халдлагыг курдууд эсвэл хэт даврагчид үйлдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Эрх баригчид Истанбулын халдлагын цаана Курдын ажилчны намын дэмжигчид байгаа хэмээн мэдэгдсэн байна.

 

Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж халдлагаас цаг орчмын дараа халдлагад оролцсон байх магадлалтай дөрвөн этгээдийг баривчилсан аж. Гэхдээ баригдсан этгээдүүдийн талаарх мэдээллийг нууцалж, мэдээлэл алдагдахаас сэрэмжилж сэжигтнүүдийг байцааж буй газрын ойролцоо хамгаалалт гаргасан аж. Мөн цагдаагийн албан хаагчдыг уг асуудлаар мэдээлэл хийхийг хатуу хориглосон хэмээн  Туркийн хэвлэлүүд мэдээллээ.

 

Дэлбэрэлт болох үед орон сууц, дэлгүүр болон төрийн байгууллагуудын шилэн цонх, хаалга хагарч, багагүй хохирол амссан байна. Уг халдлагын дараа Истанбулын их сургуулийн хуваарьт шалгалтыг хойшлуулж, оюутнуудыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ. Цагдаагийнхан дээрх халдлагын дараа утсаар хэд хэдэн сүрдүүлгийн дуудлага хүлээн авсан учир олныг хамарсан бүхий л арга хэмжээг цуцалж, иргэдийг албадан тараасан аж. Мөн тусгайгийнхан Истанбулын их сургуулийн барилга болон жуулчдын өргөнөөр үйлчлүүлдэг “Гелал Ара Конаги” таван одтой зочид буудал, Османы харш зэрэгт шалгалт явуулж, аюулгүй байдлыг шалгасан байна.

 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган халдлагын үеэр гэмтэл авсан хүмүүсийн эмчилж буй эмнэлэгт очиж, иргэдтэй уулзаж, халдлага үйлдсэн хүмүүсээс заавал хариуг нь авахаа мэдэгджээ. Тэрбээр “Террорист халдлагыг хэн ч захиалсан бай хариугаа авах болно” гэжээ. 

 

 

Турк улсад дарааллан гарч буй халдлагаас бол тус улсад ирэх жуулчдын тоо эрс багассаар. Истанбулын Малтепе дүүрэгт өнгөрсөн сарын 16-нд бөмбөг дэлбэрч дөрвөн хүн амиа алдсан билээ. Мөн уг халдлагын гол бай нь цагдаагийн албан хаагчид байсан. Халдлагаар цагдаагийн хоёр албан хаагч амиа алдсан юм. Истанбул болон Анкара хотноо гарч буй халдлагуудын хариуцлагыг Курдын ажилчны нам хүлээж байна. Курдууд ийнхүү дургүйцлээ илэрхийлж байгаа нь Туркийн эрх баригчид тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотой. Анкара өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулснаас гадна Туркийн томоохон хотуудад амьдарч буй курдуудыг албадан гаргаж буй юм.  

 

Истанбул хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сард “Баярампаса” метроны буудлын ойролцоох гүүрэн дээр гэмт этгээдүүд халдага үйлдэж, таван хүний аминд хүрсэн юм. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Истанбулын жуулчдын гудамжинд дэлбэрэлт болж, Германы 12 иргэн амиа алдсан. Истанбулын төвд байрлах бэлэг дурсгалын “Istiklal” дэлгүүрийн өмнө гуравдугаар сарын 19-нд гурван амиа золиослогч өөрийгөө егүүтгэсний улмаас Израйлийн гурван иргэн, Ираны нэг иргэн амиа алджээ.

 

Харин нийслэл Анкарагийн хувьд  өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд Үйлдвэрчний эвлэлийнхэн жагсаал зохион байгуулсаны улмаас 102 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн билээ. Үүнээс сарын дараа Курдын ажилчны намын дэмжигчид Анкарагийн төвд халдлага үйлдэж, 30 хүн аминд хүрсэн. Сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний шөнө Анкарагийн төв гудамж Кызылайгийн талбай болон Гювен цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд хүчтэй дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 125 хүн гэмтсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Turk butehgui gazar yum bishuu:
Turk butehgui gazar yum bishuu tamin ee
2016-06-09
Turk butehgui gazar yum bishuu:
Turk butehgui gazar yum bishuu tamin ee
2016-06-09
Turk butehgui gazar yum bishuu:
Turk butehgui gazar yum bishuu tamin ee
2016-06-09