Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, иргэдэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлангаа тавьж байна.
Налайх дүүргийн Соёлын ордонд болж буй энэхүү тайлангийн уулзалтад тус дүүргийн 700 орчим иргэн хүрэлцэн ирсэн байна. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс гадна Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Налайх хотын захирагч Ш.Хаан болон бусад албаныхан оролцож байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга “Бүрэн эрхийн хугацаа маань дуусах дөхөж байгаа учир өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьдаг ёс зүйтэй байя гэсэн үүднээс өнөөдөр иргэд та бүхэнтэй ирж, уулзаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд барьж ажилласан бодлого юу байв, хийсэн ажлын зорилго юунд оршиж байгаа вэ гэдгийг тайлбарлаж тайлангаа тавья” гэсээр уулзалтаа эхлүүллээ.
Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нь бидний үндсэн зорилго байсан гээд энэ хүрээнд хийсэн зарим ажлуудаа хотын дарга онцлон танилцуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. Энэ бол бүх түвшин заавал хэрэгжүүлэх төлөвлөгөө. Энэ дагуу хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Улаанбаатар хотын гэр хорооллын нутаг дэвсгэр болон нийслэлтэй хаяа дэрлэсэн Налайх шиг хотод дахин төлөвлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Иймээс тохилог орон сууцны хороолол, хотхон барих шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллажээ. 4-р цахилгаан станцын хүчин чадлыг 100 мегаватаар, 3-р цахилгаан станцын хүчин чадалыг 53 мегаватаар нэмэгдүүлж, “Амгалан” дулааны станцыг шинээр ашиглалтад оруулсан. Ингэснээр нийслэлд одоо байгаа оршин суугчдыг цахилгаан, дулаанаар бүрэн хангах боломж бүрджээ. Цэвэр усны хангамж, байгууламжаа ч нэмэгдүүлснийг хотын дарга онцлов.
Энэ мэтээр дэд бүтцийн найдвартай хангамж, үндсэн суурь бий болгохын зэрэгцээ гэр хорооллын хашааны газрыг үнэ цэнэтэй болгох ажлыг хийж буйгаа иргэдэд тайлбарлаж байна.