Хэт даврагчид Америкт халдав

Орландо мужид халдлага гарчээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл амласан ёсоороо гол дайсан болох АНУ-д халдлага үйлдлээ. Тус бүлэглэлийн дайчин Омар Матин гэгч Флорида мужийн Орландо хотноо халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг өчигдөр гарчээ. Халдлагын дараа Орландо мужид онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж, сэжигтэй этгээдүүдийг баривчилж эхэлжээ. Ийнхүү хэт даврагчид сүрдүүлгээ ажил хэрэг болгов.
Орландогийн халдлагыг эргэн сануулахад зэвсэглэсэн этгээд “Пулс” гэх гей клубт өчигдөр 22.00 цагийн орчимд нэвтэрч, үйлчлүүлэгчдийг барьцаалсан аж. Тэрээр клубыг барьцаалах үедээ эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг буудан хороосон аж. Барьцаалагчийн гарт гэмгүй 50 иргэн өртсөн юм. Матин халдлага үйлдэхээсээ өмнө энэ тухайгаа олон нийтийн сүлжээ болон цагдаагийнханд мэдэгдсэн байна. Матин халдлага үйлдэхээсээ 20 минутын өмнө 911-руу залгаж “Би “Халифын вант улс” бүлэглэлд үнэнч байх болно. Би үнэнчээ батлах болно” гэж хэлжээ. Мөн тэрээр твиттертээ селфи зургаа нийтэлж “Хүн бүхэн намайг бишрэн хүндлэх болно” хэмээн жиргэсэн байна.
Матин халдлага үйлдэхээсээ өмнө суудлын тэрэг түрээслэж авч, клубын ойролцоо хэсэг хугацаанд ажиглалт хийснийхээ дараа нэвтэрсэн болохыг хяналтын камерийн бичлэг баталсан байна. Орландогийн Цагдаагийн газраас “Омар Матин гэгч 29 настай. Хамгаалалтын албанд ажиллаж байсан. Афган гаралтай. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэр бүлгүй. Өмнө нь зэвсэг эзэмших 45 хоногийн тусгай сургуулилтад хамрагдаж байсан. Мөн цэргийн алба хаасан. Эрүүл мэндийн хувьд эрүүл. Эмчийн хяналтад орж байгаагүй” гэж мэдэгджээ.
Орландлогийн халдлагын дараа Матины твиттертээ нийтэлсэн зургийн дор “Флоридагийн клубт довтолсон дайчин. Энэхүү довтолгоогоор 50 хүн амиа алдаж, 53 хүн шархтсан” хэмээн бичжээ. Зургийн тайлбарыг бичсэн хүнийг эрэн хайж эхэлсэн байгаа аж.
Цагдаагийнхан Матины гэр бүл, холбоотон зэргийг шалгах үеэр Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл Орландогийн халдлагын захиалагч болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тус бүлэглэл зул сарын баяраар Нью Йорк болон Вашингтон хотноо халдага үйлдэхээ сануулсан юм. Харин тус улсын эрх баригчид хэт даврагчид энгийн иргэдийг хохироох боломж олгохгүй гэдгээ илэрхийлэн хамгаалалтаа нэмэгдүүлсэн ч ийнхүү бүтэлгүйтлээ.
Цагдаагийнхан уг халдлага өшөө хонзонгийн сэдэлтэй байсан гэж мэдэгдэв. Учир нь хэт даврагчид ижил хүйстнүүдийг үзэн яддаг бөгөөд ижил хүйстэн гэх залуусын гарыг тасдах эсвэл өндөр барилгаас шидэх зэргээр шийтгэдэг юм. Матин ийнхүү гей клубт халдсан нь өшөө авах зорилготой байсан хэмээн хэвлэлийнхэн тайлбарлаж байна.
Орландо хотын төв сайтад “Бид үнэхээр их цочирдлоо. Энэ аймшигт өдрийг хэзээ ч мартахгүй” хэмээн бичсэн байна. Мөн тус халдлагаас амьд үлдсэн 53 хүний долоо нь өөрийн цахим хуудастаа халдлагын талаарх үзэл бодлоо илэрхийлжээ. 34 настай Эдвард Сотомаяр, 23 настай Станли Алмодовар, 20 настай Луис Омар Окасио, 22 настай Жуан Рамон Гуерреро, 36 настай Эрик Иван Ортец Ривера, 22 настай Петр Гонзалес Круз, 22 настай Луис Велма нар твиттертээ “Винтов буугаар зэвсэглэсэн этгээд бидэн рүү гал нээсэн. Хамтрагчид минь үхсэн” хэмээн жиргэцгээжээ. Хохирогчдыг цагдаагийнхан хамгаалалтаа авсан байна.
Ерөнхийлөгч Барак Обама халдлагаар амиа алдагсдад эмгэнэл илэрхийлэн энэ сарын 16-ныг хүртэл Цагаан ордны өмнө байрлах АНУ-ын Төрийн далбааг хагас бөхийлгөх зарлиг буулгажээ. Тэрбээр Орландогийн халдлагыг үзэн ядалтаас үүдэлтэй халдлага хэмээн хэлсэн байна. Харин тэрбумтан Дональд Трамп Ерөнхийлөгчийг ажлаа муу хийж байна хэмээн мэдэгдэж, хугацаанаасаа өмнө огцрохыг шаарджээ.
Трамп “Обамагийн буруу хэтэрхий буруу шийдвэрээс болж америкчууд хохирох боллоо. Үнэхээр харамсалтай юм. Энэ бүх халдлагыг зогсоох ганц арга бол исламын шашинтнуудад хориг тавих. Тэдэнд орогнол олгохоос татгалзах” гэж хэлжээ. Тэрбээр Ерөнхийлөгч болбол америкт амьдарч буй исламын шашинтнуудыг албадан гаргаж, төр барих хугацаандаа нэг ч исламын шашинтанд орогнол олгохгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Орландогийн халдлагаас нэг өдрийн өмнө тус хотноо тоглолтоо хийж байсан “The Voice” шоуны ялагч 22 настай Кристина Гримми гэгчийг нэг этгээд буудаж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн билээ. Уг хэргийн цагдаагийнхан хэт даврагчидтай холбоотой хэмээн таамаглаж буйгаа “AFP” агентлагт мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ