Евро 2016: Фанатууд хяналтаас гарав

img

Франц улсад “Евро 2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнзохион байгуулагдаж байна.

 

40 000 цагдаа хамгаалж байна

 

 

Парис болон Брюссель хотноо болсон цуврал халдлагын дараа анх удаагаа Франц улс олныг хамарсан спортын тэмцээн зохион байгуулж байна. “Евро 2016” тэмцээний үеэр халдлага гарахаас ур,дчилан сэргийлэн тус улсын 40 мянган цагдаа тоглолт явагдаж буй цэнгэлдэх, тамирчид байрлаж буй буудал, бэлтгэлийн талбай зэргийг хамгаалж байна.

 

Сүрдүүлсэн дуудлага ирсээр

 

 

“Тэмцээний үеэр халдлага үйлдэж, олон хүний аминд хүрэх болно” гэх сүрдүүлсэн дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирж байна. Зөвхөн энэ амралтын өдөр 100 гаруй сүрдүүлсэн дуудлагын хүлээн авчээ. Цагдаагийнхан дуудлага бүрт анхаарлаа хандуулан, шалгалт явуулж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Фанатууд таагүй байна

 

 

Францчууд Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцэн өнөөг хүртэл жагссаар байна. “Евро 2016” эхлэхээс өмнө төмөр замчид болон хот тохижилтын ажилчид ажил хаясан юм. Үүнээс үүдэж, хөлбөмбөгийн тоглолт явагдаж буй Марсель хот бохирдож, тус улсыг зорин ирсэн фанатууд сэтгэл дундуур байна.

 

Марсель хотыг түйвээв

 

 

Английн фанатууд Оросын хөлбөмбөгийн фанатуудыг айлгаж чадсангүй. Англичуудын эхлүүлсэн сөргөлдөөн аажимдаа мөргөлдөөн болов. Хоёр улсын дэмжигчид хоорондоо зодолдсны улмаас 300 гаруй хүн гэмтжээ.

 

Цагдаагийнхан хүч хэрэглэв

 

 

Фанатуудын сөргөлдөөний улмаас Марсель хотод эмх замбараагүй байдал газар авч, үйлчилгээний байгууллагууд аюулгүй байдлын улмаас хаалгаа барьжээ. Цагдаагийнхан фанатуудын мөргөлдөөнийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Францын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч “Мөргөлдөөнийг тараахын тулд хүч хэрэглэхээс өөр арга байсангүй” хэмээн хэлжээ.

 

Фанатуудад сануулга өглөө

 

 

Европын хөлбөмбөгийн холбоо хоёр улсын фанатууд дахин үймээн дэгдээж, тоглолтод саад учруулвал Англи болон ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг тэмцээнээс хасна хэмээн мэдэгдлээ.

 

Украин, Германы фанатууд зөрчилдөв

 

 

Англи болон ОХУ-ын фанатуудын асуудал дуусаагүй байхад Украин, Германы фанатууд хоорондоо зөрчилджээ. Гэхдээ уг явдлыг гэрчлэх баримт хангалтгүй байгаа учир Европын хөлбөмбөгийн холбоо түр азнахаар шийджээ. Харин нэгэн иргэн фанатуудын зодолдож буй 30 секунтын бичлэгийг твиттертээ нийтэлжээ. Уг бичлэгт фанатууд нэг нэгэн рүүгээ чулуу болон сандал шидсэн байна.

 

Архи худалдахыг хоригложээ

 

 

Фанатуудын зөрчилдөөний улмаас Марсель хотноо архи, согтууруулах ундаа худалдахыг хотын захиргаанаас хориглосон талаар “AFP” агентлаг мэдээллээ. Баригдсан фанатуудын ихэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан хэмээн цагдаагийн газраас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ