Трампийн мэдээллийг хакеруудад алджээ

АНУ-ын эрх баригч Ардчилсан намын Үндэсний хорооны компьютерууд хакерын дайралтад өртсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус намын хэвлэлийн алба уг хакер дайралтын ард ОХУ-ын Засгийн газрын төлөө ажилладаг хакерийн бүлэглэл байгаа хэмээн мэдээлсэн байна.
Хакерууд тэрбумтан Дональд Трампийн талаарх судалгааны материалыг хакердсан аж. Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Дебби Вассермэн Шульц “Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглахаар төлөвлөж байсан Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гадаадын хакеруудад алдсан ноцтой хэрэг гарлаа. Энэхүү дайралт санаатай, захиалгатай хэмээн үзэж байна” гэж мэдэгджээ.
Уг асуудалтай Оросын хакерууд холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа юм. Хакерийн асуудлаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид энэ хэрэгтээ ямар ч холбоогүй. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо буруутанг барина гэдэг найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ