Америкчууд гол дайснаа хөнөөв

“Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч амиа алджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
АНУ-ын Сири улсад цэргийн ажиллагаа явуулж буй тусгай хүчин дэлхийн №1 алан хядагчаар нэрлэгдээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан байна. Тусгай хүчин Сирийн Ракка хотноо тагнуулын мэдээллийн дагуу Бакар аль Багдадигийн нуугдаж буй байранд агаараас цохилт өгсөн гэнэ. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Ракка хотноо нуугдаж, хилийн чанд дахь цэргийн ажиллагаагаа удирдан зааварчилгаа өгч байсан талаар Сирийн Тагнуулын байгууллагаас мэдээлэв.
ОХУ болон АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Багдадигийн байршлыг олохоор ажиллаж байсан ч олон сарын хугацаа алдсан юм. Сирийн тагнуулчид тус бүлэглэлд тагнуул хийж буй мэргэжилтнийхээ мэдээллээр Багдадигийн байршлын мэдээллийг олсон гэх мэдээллийг Иракийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч уг мэдээллийг Пентагон батлаагүй аж.
Сирийн “Амаг” агентлаг “Рамадан баярын тав дахь өдөр хэт даврагчид эцэггүй болсон. Тэд цусан өшөө авахаа мэдэгдсэн. Хэт даврагчдын мэдээлснээр Багдади энэ сарын 11-ний өдөр цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан” гэж мэдээлжээ. Гэхдээ Багдади амиа алдсан гэдгийг “Халифын вант улс” бүлэглэлийн хэвлэлийн алба батлаагүй ч зарим дайчин түүний нуугдаж байсан барилга дэлбэрсэн болохыг харсан гэдгээ илэрхийлжээ.
Цэргийн ажиллагааны үеэр Багдади амь үрэгдсэн учир түүний цогцсыг олох боломжгүй юм. “Цогцос байхгүй учир Пентагоны олон улсад тараасан уг мэдээнд 100 хувь итгэх боломжгүй” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч мэдэгджээ.
Орландо хотноо гарсан аймшигт халдлагын дараа түүнийг устгахаар америкчууд тэмцэж эхэлсэн юм. Хэт даврагч бүлэглэлийн төлөө үнэнчээр зүтгэхээ амласан Омар Матин гэгч халдлага үйлдэж, 49 хүнийг хөнөөсөн. Матин халдлага үйлдэхээсээ өмнө 911 рүү залгаснаас гадна твиттертээ “Ариун исламчууд. Би та нарын төлөө үнэнчээр зүтгэх болно” хэмээн жиргэж, өөрийнхөө зургийг нийтэлсэн байдаг. Халдагаас хэдхэн цагийн дараа хэт даврагчид Орландогийн халдлагыг захиалсан болохоо илэрхийлсэнээр америкчууд гол дайснаа устгах цэргийн ажиллагаагаа шуурхайлсан юм.
Хэт даврагчид уг халдлагыг захиалсан болохоо илэрхийлсэн ч Цагаан ордон уг мэдээлэлд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч Барак Обама “Халдлагын цаана тус бүлэглэл байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ халдлага галт зэвсгийн замбараагүй хэрэглээний уршгаар гарсан гэж таамаглаж байна” гэж хэлжээ. Орландогийн халдлагыг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр гарсан халдлагаас хойш гараагүй хамгийн аймшигтай халдлага хэмээн тэрбумтан Дональд Трамп мэдээлсэн юм. Тэрбээр хариуцлага алдсан Ерөнхийлөгчөө хугацаанаас өмнө огцрохыг шаардаж, исламын шашинтнуудыг хүлээн авах, АНУ-д ажиллаж буй исламын шашинтнуудыг хөөн гаргах цаашлаад бүх исламын шашинтнуудын утасны дуудлагыг чагнах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлсэн нь ард түмнээ хамгаалах гэсэн оролдлого боловч хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн Обама мэдэгдсэн билээ.
АНУ-ын тусгайгийнхан есдүгээр сарын 11-ний халдлагыг захиалсан “Аль Кайди “бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладенг устгасан. Харин энэ удаад Орландогийн халдлагыг захиалсан Бакар аль Багдадиг хөнөөлөө.
Багдади гэгч хэн бэ. Хэрхэн зэвсэгт бүлэглэлийг улс болгож, олон улсын айлгах чадвартай зэвсэг болгосон нь нууц байна. Тус бүлэглэл 2013-2015 оны хооронд зөвхөн нефтээс 3.5 тэрбум ам.долларын ашиг олжээ. Харин 2014 онд хүний наймаа болон зэвсгийн худалдаагаас 100 саяыг олсон байна. Дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг бүлэглэл хэмээн НҮБ тодорхойлсон. Багдади өмнө нь “Аль Кайди” бүлэглэлийн дайчин байгаад 2013 оны эхээр бүлэглэлээсээ урвасан байна. Тэрээр зургаахан сарын дотор “Аль Кайди”-г ч айлгаж чадахаар “Исламын улс” бүлэглэлийг би болгож, жилийн дараа бүлэглэлээ “Халифатын вант улс” болгож буйгаа олон улсад зарласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ