Хэт даврагч болсон реппер амиа алдаагүй

Германд реппер Дессо Дог гэх нэрээр алдарсан Дэнис Мамадио гэгч өнгөрсөн оны эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэгвэл реппер эрийг өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын агаарын дайралтын үеэр амиа алдсан хэмээн тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн билээ. “АНУ-ын тусгай хүчин 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр Сирийн Ракка хотноо цохилт өгөх үед Дэнис Мамадио амиа алдсан” гэж Пентагон мэдээлсэн юм.
Германы Тагнуулын байгууллага өчигдөр хэт даврагч болж улсаасаа урвасан Дэнис Мамадиог амьд хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы Үндэсний аюулгүй байдал хамгаалах төвийн захирал Берэнд Паленда “Амиа алдсан хэмээн таамаглаж байсан Дэнис Мамадио амьд болохыг тагнуулчид тогтоосон. Хэт даврагчид саяхан Сирийн Ракка хотын хилийн орчимд цаазын ял гүйцэтгэсэн. Уг цаазын ялын ажиллагаанд Дэнис Мамадио оролцсон болохыг батлах видео бичлэгийг бид олсон. Шалгалтаар энэ бичлэг хэдхэн өдрийн өмнө хийгдсэн болохыг тогтоосон” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ