Н.Ган-Од Олон улсын байгууллагад ханджээ

Ганбууш буюу Н.Ган-Одыг эмчилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорих гэж байхад нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээрээс тус буудлын цагдаагийн хоёр ажилтан тодруулга авахаар саатуулсан байна. Улмаар гадаад паспортыг нь хураан авч Эрүүгийн цагдаагийн гурван ажилтан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачиж тодруулга авсан талаар дөнгөж сая “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Н.Ган-Од болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар хэвлэлийн бага хурал хийлээ. Н.Ган-Од нь олон жил телевизэд ажиллаж байгаа тул хувийн камертай, түүгээрээ гэртээ бичлэг хийж цацсан гэнэ. Энэ бичлэгийг дуучин Нара буюу УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч М.Нарантуяа өөртэйгээ холбон тайлбарласан аж. Тэрээр “О” телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо Н.Ган-Одын нэр төрд халдсан, хүйсээр ялгаварлан доромжилсон хэмээн өмгөөлөгч Д.Содномдорж нь онцлов. Иймд “О” телевизийг Н.Ган-Одын нэр төрийг сэргээлгэхээр, М.Нарантуяаг нэр төрд халдсан, гутаан доромжилсон хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэнэ. Мөн НҮБ болон Олон улсын байгууллагад хүний эрхэд халдсан хэмээн хандаад байгаа аж. Энэ талаар Н.Ган-Од “Би хүн байх эрхээ эдэлж байна. 57 нас хүртлээ эрэгтэй, эмэгтэй ч биш явж үзсэн. Түүнээс хойш эмэгтэй хүн болсон. Би хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх хүсэлтэй. Гэтэл Нара намайг доромжилж хүүхэд гаргаж чадахгүй гэж ярьсан. Өнөөдөр би 62 настай, тэтгэврээ тогтоолгосон. Биедээ олон тооны мэс засалтай. Иймд эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явах гэж байтал нисэх буудал дээр саатуулж түмэн олны дунд нэр төрийг минь гутаалаа. Түүнээс өмнө намайг олж тодруулга авах боломж байсан ч яагаад олон хүний өмнө миний эрхэд халдав” гэв. Түүний өмгөөлөгч Д.Содномдорж “Хүүхэд төрүүлж чадахгүй гэдэг нь хүний эрхэд халдсан, доромжилсон үйлдэл тул М.Нарантуяатай холбоотой гомдлоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгөөд байна” гэлээ.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ