Д.Мөнхбат: Бондоос санхүүжилт авснаар цементийн зах зээлийн 25 хувийг дангаараа хангах боллоо

Үйлдвэрлэгчид ярьж байна
“Монполимет” группийн санхүү эрхэлсэн захирал Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Бондоос хэдэн төгрөгийн санхүүжилт авсан бэ?
-Манай төслийн нийт хөрөнгө оруулалт нь 250 орчим сая ам. доллар. Үүнээс 65 орчим сая долларыг нь урт хугацааны зээлээр бондоос авч санхүүжүүлсэн. Төсөлд зургаан улсын цементийн салбарт мэргэшсэн инженер, техникийн зөвлөх, санхүүжүүлэгч компаниуд оролцож амжилттай гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
-Технологийн хувьд сайжирсан байх. Юу юугаараа давуу талтай болсон бэ?
-“Монполимет” групп байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигладгаараа ялгардаг. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн. Бас хүлэмжийн хийг багасгах зорилгоор үйлдвэрийнхээ хаягдал дулааныг ашиглаж таван мега эрчим хүч гаргах цахилгаан станц барьсан. Ингэснээр төвийн эрчим хүчний станцаас авах хэрэглээгээ 30 хүртэл хувиар бууруулж чадах юм.
-Хэдэн төрлийн цемент үйлдвэрлэх вэ?
-Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн загварын дагуу бүх л төрлийн бүтээн байгуулалтад хэрэглэх цементийг үйлдвэрлэж байна.
-Ямар ямар бүтээн байгуулалтад ашиглах боломжтой цемент гэсэн үг вэ?
-Үйлдвэрлэл, барилга, зам, дэд бүтэц гээд ямар ч бүтээн байгуулалтад манай цементийг ашиглаж болно.
-Зах зээлийн хэдэн хувийг дангаараа нийлүүлэх боломжтой вэ?
-Монгол Улсын цементийн хэрэглээ жилд хоёр сая орчим тонн байдаг. Яваандаа дэд бүтцийн олон төслүүд хэрэгжээд эхэлбэл дөрвөн сая хүртэл өсөх урьдчилсан таамаглал бий. Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Зах зээлийн 25 хувийг бид нар дангаараа нийлүүлнэ.
-Бонд шиг бага хүүтэй, урт хугацаатай зээл цаашид ч хэрэгтэй гэж бодож байна уу?
-Тэгэлгүй яахав. Аль болох л тааламжтай нөхцөлтэй, ийм зээлийн санхүүжилт олдвол байвал сайн байна.
-Танайх дотоодын банкнаас зээл авбал хэдэн хувийн хүүтэй авах вэ, бондынх арилжааны зээлээс юугаараа давуу гэж бодож байна?
- Эрс ялгаатай байлгүй яахав. Чингис бондын төгрөгийн зээл нь есөн хувийн хүүтэй. Арилжааны банкуудын зээл бараг 20 гаруй хувийн хүүтэй байгаа.
П.Тэмүүлэн: Манай цементийг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад ашиглаж болно
“Монголын алт” компанийн төслийн удирдлагын газрын хяналтын менежер П.Тэмүүлэнтэй ярилцлаа.
- Бондын санхүүжилт авсанаар танай цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Бондын санхүүжилт авсанаар үйл ажиллагаа өргөжсөн. Одоогоор дараагийн гурав дахь зээлээ авахаар хүлээгдэж байна. Төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна. Энэ жилийн хоёрдугаар хагаст үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Үйлдвэрийн технологио танилцуулаач...?
-Манай технологи Данийнх. Цементийн өргөн туршлагатай компаний технологи байгаа юм. Тоног төхөөрөмжүүдээ суурилуулчихсан.
-Танай үйлдвэрийн цементийг бүх төрлийн бүтээн байгуулалтад ашиглаж болох уу?
-Болно. Багаас эхлээд өндөр даацын цемент хүртэл хийнэ. Мөн усанд тэсвэртэй, хүчиллэг, шүлтлэг орчинтой цементийг захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэх боломжтой. Манай үйлдвэрийн хажууд лаборатори ажиллана.
-Хүчиллэг, шүлтлэг цемент гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа. Тэгэхээр гүний уурхайн тунель барих цементийг манайх хийнэ гэсэн үг. Монголд анх удаа ийм төрлийн цемент үйлдвэрлэж байна.
-Бондоос хэдэн төгрөгийн санхүүжилт авсан бэ?
-Бондын санхүүжилтаас 65 орчим сая долларын зээл авсан. Нийт хөрөнгө оруулалт гэвэл 351 сая ам.доллар.
-Зах зээлийн хэдэн хувийг хангах хүчин чадалтай вэ?
-Зах зээлийн 30-40 хувийг дангаараа хангах чадалтай.
-Бондын зээлийн давуу талыг онцлооч?
-Үйлдвэрлэгчийн зүгээс харахад хүү бага, урт хугацаатай.
-Цаашид бондынх шиг хүү багатай, хугацаа тавиу зээл үйлдвэрлэгчдэд хэр эрэлт хэрэгцээтэй байх бол?
-Манайх шиг мега төслийн санхүүжилтыг зөвхөн дотоодын банкуудаас гаргана гэвэл хүчин чадал нь хүрдэггүй учраас зайлшгүй гадагшаа бонд босгох нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр бондын санхүүжилт зайлшгүй хэрэгтэй гэсэн үг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ