Аянганы улмаас 100 хүн амиа алджээ
Энэтхэгийн Бихар Жарханд хотноо аянга буусны улмаас 100 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “24 хүний биеийн байдал хүнд байгаа” талаар орон нутгийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрөөс Бихар Жарханд хотод хүчтэй аадар бороо оржээ. Харин өчигдөр аянга бууж, олон хүнийг хохироосон байна. Амиа алдагсдын ихэнх нь тариаланчид бөгөөд тэд ургацаа хурааж байхдаа ийнхүү байгалийн гамшигт өртжээ.
Гамшгаас хамгаалах төв аянга цахилгаантай бороо орох учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг урилсан аж. Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудсаараа дамжуулан хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Энэтхэгт 2005-2008 онд 5000, 2009-2014 онд 10 мянга, 2015 онд 2100 хүн аянганд цохиулж амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ