Үр хөндүүлэхийг зөвшөөрөхийг шаарджээ

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирусын халдварын улмаас тархины хөгжил нь зогссон хүүхэд ихээр мэндлэх болжээ. Зөвхөн Бразил улсад халдвар авсан эхээс 10 мянган халдвар авсан хүүхэд мэндлээд байна. Хүүхдүүдийг гэр бүлийнх нь зөвшөөрлийн дагуу тусгай үзлэг шинжилгээнд хамруулж буй юм.
Бразилд хэдэн эх халдвартай ураг тээж буйг нарийн мэдэх боломжгүй байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус улсад үр хөндүүлэх хориотой байдаг бөгөөд хууль бусаар үр хөндүүлсэн бол эхийг 15 жил хүртэл хугацаагаар хорьдог аж.
Сөрөг хүчний намаас халдвартай хүүхэд мэндлэхээс сэргийлэн үр хөндүүлэхийг хуулиар зөвшөөрөхийг эрх баригчдад уриаласан ч бүтэлгүйтсэн юм. Тусгай үзлэгт хамрагдаж, халдвартай хүүхэд тээж буй бүсгүйчүүдэд ийм боломж олгохыг уриалжээ. Халдвартай хүүхэд орон даяар мэндэлж буйтай холбогдуулан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж, “Зикаг зогсоож чадахгүй бол биднийг үр хөндүүлэхийг зөвшөөрөөч” гэх аян зохион байгуулж эхэлжээ.
Дэлхийн 29 улсад бүртгэгдээд буй уг вирусын халдвараар хамгийн багадаа гурван сая хүн халдвар авсан хэмээн ДЭМБ мэдээлсэн. Мөн зикагийн халдвар ирэх он хүртэл газар авсаар байвал хоёр тэрбум хүн халдвар авах эрсдэлтэй байгааг АНУ-Их Британийн эмч нар сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ