З.Ойдов: Тамирчид энгэр дүүрэн медальтай ирээсэй

img

 

Өчигдөр Олон Улсын Олимпийн өдөр тохиосон. Энэ өдрийг манай улсын үе үеийн тамирчид Монголын Үндэсний Олимпийн хорооны төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдовтой цөөн хором ярилцлаа.

 

-Танд олимпийн өдрийн баярын мэнд хүргэе. Та монголын улсынхаа төрийн дууллыг олимпийн тэнгэрт олонтоо эгшиглүүлсэн тамирчин. Тэгэхээр энэ өдөр тантай ярилцах нь зүйтэй санагдлаа.

 

-Баярлалаа. Үе үеийн тамирчдадаа олон улсын олимпийн өдрийн мэндийг хүргэе. Энд МУГТ Э.Бадар-Ууган, МУГТ С.Батцэцэг зэрэг залуу үеийнхэн ирсэн байна. Эднийгээ хараад сэтгэл сэргэж л сууна.

 

-1976 оны олимпийн аваргын төлөө барилдаж байсан үеэ эргэн дурсах уу?

 

-Үнэхээр хүнд барилдаан болсон. Солонгосын Ян Жу Мон гэж их сайн бөх байсан. Би нэгийн даваанд Америкийг ялсан. Хамгийн сүүлийн даваанд Ян Жу Монтой таарсан болохоор ялна гэж бодож байсан л даа. Цэвэр ялчихсан бол би түрүүлэх байсан ч чадаагүй. Хэрэв боломж олдсон бол 1976 оны олимпод би түрүүлнэ гэж бодож байсан юм.

 

-Анхны медалиа хэдэн онд хүртэж байв?

 

-1967 оны дөрөвдүгээр сард шиг санаж байна. Идэрчүүдийн аварга болоод 32 нийгэмлэгээс хүүхдүүд ирж барилдсан. Тэгэхэд Баянхонгороос найман хүүхэд ирж барилдаж 70 кг-д Цулбуур гэж хүүхэд хүрэл медаль авч би 60 кг-д түрүүлж алтан медаль авч байсан юм. Анхны медаль минь л тэр шүү дээ. Гэхдээ би дүрэм сайн мэддэггүй байсан л даа.

 

-Таны медаль одоо хэд хүрсэн бэ?

 

-Чөлөөт бөхөөр 10 жил барилдсан. УАШТ-ээс дээшхид оролцохдоо 32 алт, найман мөнгө, гурван хүрэл медаль авсан байдаг юм.

 

-Таныг анхны дэлхийн аварга болоход манайхан хэрхэн хүлээж авч байсан бэ?

 

-Их л хөл хөөр болж байсан. Онгоцны буудалд өнгө бүрийн цэцэг барьсан хүмүүс эгнээд зогсчихсон. Энд тэндээс олон янзын гэрэл цацарсан зургийн аппараттай сурвалжлагчид ам уралдаж ярилцлага аваад л. Дараа нь дахин түрүүлэхэд миний ард түмэн бас л тэр хэвээрээ угтсан.

 

-“Ойдов” гэж олон улсад алдаршсан мэхнийхээ тухай ярих уу?

 

-1974 оны хавар Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит тэмцээн  Свелев гэдэг хотод болсон юм. Тэгээд Ираны айхавтар бөхтэй таарлаа. Би өмсүүлэхгүйг хичээгээд тэр хүн намайг өмсөх гээд л барилдаж байтал өвдөг нь эрүүндээ тулаад байгаа нь анзаарагдсан. Тэгэхэд “хатуу” хийгээд унагачих санаа орсон ч хийгээгүй. Тэр бөхөө ялсан л даа би, “Хатуу” гэж адуу унагаах аргыг хөдөөний хүүхдүүд л мэднэ. 1974 оны хавар Баянхонгорт Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх хийж тэр цагаас хойш дэлхийн дасгалжуулагч, бөхчүүдийн дунд өнөөх мэх маань "Ойдов” гээд алдаршчихсан. 30 гаруй жил энэ тэндхийн барилдаанд хийгдсэн мэх шүү. Тухайн үед ЗХУ, Америк, Унгар, Япон, Болгар, Энэтхэг, Куба гээд л олон орны сайн тамирчин байсан. Манай бөхчүүд ч их сайн барилддаг байлаа.

 

-43 хоногийн дараа “Рио 2016” наадам эхэлнэ. Манай тамирчдын бэлтгэл сургуулилт нь ямар байгаа бол?

 

-Ер нь амжилт гаргахад сургалт дасгалжуулалт их нөлөөлдөг. Тэгэхээр сайн бэлтгэдэг хүн хэрэгтэй. Тамирчин хүнийг дасгалжуулна гэдэг хүч, хурд, уян хатан чанар, зориг гээд их зүйл тааруулахыг хэлдэг. Мөн жин хасах нэг аюул бий. Техник мэхний асуудал ч бий. Манай тамирчид дэлхийн 206 оны тамирчинтай өрсөлдөж байна. Бид аль ч орны бөхөөс илүү хүчтэй, хурдан шүү дээ. Манай жүдогийнхон их сайхан барилдана гэдэгт итгэж байна. Бүх тамирчид маань эх орондоо нүүр дүүрэн, энгэр дүүрэн медальтай ирээсэй гэж хүсч байна.

 

-Өнөөдөр/өчигдөр/ “Бөртэ чоно” хөшөөний нээлтийг хийлээ.

 

-Их сайхан хөшөө болжээ. Өөлөх зүйлгүй сайхан болсон байна. Нээрээ хэдэн жилийн өмнө би өөрийнхөө хөшөөний нээлтэд очсон юм. Холоос харсан чинь нэг их том хашаанд миний төрхийг яг гаргачихсан байлаа. Жигтэйхэн адилхан гээч. Би улам ойртсон чинь барималчид нь намайг харчихаад “Шанаа нь арай биш байна” гээд сүхээр цавчдаг юм байна. Дотор эвгүй болсон ч юу ч болоогүй юм шиг зогсоод л байв. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө фото зургийг бариад “Эндээс нь авбал зүгээр юм уу” гээд л санаа оноогоо хуваалцаж эхэлсэн /инээв.сур/.

 

Таны хөшөөг таван жилийн өмнө босгосон байх аа?

 

-Нутгийн зөвлөлийнхөн ярилцаж байгаад суурьтайгаа дөрвөн метр гаруй. Үндсэн бие нь хоёр метр хэртэй хөшөө босгосон. Хөшөө босгох сайхан санагдсан. Хөшөө гэдэг зүйл чинь утга учиртай юм билээ. Тэр хөшөөг босгох үед би “Манай улсаас дахин дэлхийн аварга төрөөсэй” гэж залбирч байлаа. Гэтэл  дүүгийн минь шавь С.Батцэцэг дэлхийгээс 35 жил, олимпоос 32 жил хэний ч авч чадаагүй медалийг эх орондоо авч ирсэнд баярласан даа.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нэг л жинд орж байгаа тамирчин энгэр дүүрэн медальтай ирж чадахгүй байхооо ккк
2016-06-24
Зочин:
anhdagch bulganiihan altan medali awaagui baisan uchiraas ter yum gedeg uchirtai gundegmaad bolomj bas baisan
2016-06-24
түвшин:
Даколовын биш Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит тэмцээн шүү
2016-06-24