“Фарк” бүлэглэлтэй гэрээ байгууллаа

Колумбын Засгийн газар хувьсгалт босогчдын “Фарк” бүлэглэлтэй гал зогсоох болон хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар “www.balkanweb.com” мэдээллээ. Кубын зуучлалын дагуу хоёр талын удирдлагууд ийнхүү уулзаж, гэрээ байгуулжээ. 1950-аад оноос хоёр тал зөрчилдөж эхэлсэн юм. Уг зөрчилдөөний улмаас 260 мянган хүн амиа алдаж, 6.9 сая хүн дүрвэжээ. Мөн сөргөлдөөний үеэр 45 мянган хүн сураггүй болсон байна.
2013 оны есдүгээр сард хоёр тал Кубын Гавана хотноо уулзсан боловч гал зогсоох гэрээнээс болж уг уулзалт бүтэлгүйтсэн юм. Засгийн газар галт зэвсгээсээ татгалзсан тохиолдолд “Фарк” бүлэглэл галт зэвсгээс татгалах болно хэмээн мэдэгджээ.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос хэвлэлийнхэнд “Удахгүй орон даяар энхтайван цаг ирэх болно. Түүхэндээ анх удаагаа хоёр тал ард түмнийхээ төлөө нэгдэж чадлаа. Ирэх сарын эцсээр хоёр тал гал зогсоох гэрээг дахин байгуулж, харилцан зэвсгээсээ татгалзах болно” гэж хэлжээ.
Гал зогсоох гэрээ байгуулагдаад 180 өдрийн дотор “Фарк”-ын дайчид зэвсгээ хураалгах гэнэ. Уг үйл явдлын дараа эцсийн энхийг гэрээг байгуулж, тус бүлэглэлийн дайчдыг ажилд зуучлах зэргээр нэг нэгэндээ хэрэгтэй болзлыг биелүүлэхээр болжээ. Тус бүлэглэл 8-9 мянган дайчинтай гэнэ. Тэдний ихэнх нь 25-35 насны залуус юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ