Эль-Фаллужа хотыг бүрэн чөлөөлжээ

Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади нийслэл Багдади хотоос 30 км-ийн цаана байрлах Эль-Фаллужа хотыг армийнхан 100 хувь чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа. Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны долоодугаар сард тус хотыг эзэлж, хяналтаа тогтоосон билээ. Харин Иракийн чөлөөлөх арми АНУ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн сарын 17-нд хотын ихэнх хэсгийг чөлөөлж, хэт даврагчдын барьцаанд байсан оршин суугчдыг чөлөөлжээ.
Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Эль-Фаллужа хотын Захиргааны байрны дээр Иракийн төрийн далбаа мандаж буйг төв телевизээр харуулсан байна. Абади “Засгийн газар Эль-Фаллужа хотын эмнэлгийн барилгуудыг сэргээн засварлаж, эмнэлгийн тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилгээ үзүүлэх болно. Мөн олон улсын тусламжийг хүлээн авч, иргэдэд тараана. Армийнхан хотыг бүрэн чөлөөлсөн учир эх орноосоо дүрвэж буй иракчууд Эль-Фаллужа хотноо амьдарч болно. Засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллах болно. Армийнхан Эль-Фаллужа хотыг чөлөөллөө. Одоо Мосул хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна. Хэт даврагчид бидний эсрэг тулалдах хүчгүй болсон” гэж мэдэгджээ.
Эль-Фаллужа хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр 1800 орчим хэт даврагч амиа алдсан талаар Иракийн Тагнуулын байгууллагаас мэдээллээ. Армийнхан Мосул хотын 40 хувийг хэт даврагчдаас чөлөөлөөд байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ