Танилц: “Рио 2016”-д цэц мэргэнээ сорих гурав

Манай сайт ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болох “Рио 2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байна. Өмнө нь бид шигшээ багийн боксчид болон жудочыг танилцуулсан. Энэ удаад “Рио 2016” олоимпийн наадамд буудлагын төрлөөр цэц мэргэнээ сорих тамирчдыг танилцуулж байна.
О.Гүндэгмаа
2015 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Чанвон хотноо болсон "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор авсан. Ийнхүү тэрбээр зуны олимпийн наадамд оролцох Монгол тамирчдаас анхны эрхийг эх орондоо авчирч байгаа төдийгүй “Атланта-1996”-гаас хойш тасралтгүй зургаан олимпийн наадамд оролцох болзлыг хангасан хосгүй амжилтын эзэн болов.
Г.Нандинзаяа
Өнгөрсөн оны тавдугаар сард дэлхийн 70 гаруй улсын 600 гаруй тамирчин АНУ-ын Форт Бенин хотод аваргын төлөө өрсөлдсөн. Тус щ тэмцээнээ “Рио 2016” Олимпийн наадамд оролцох эрхийг буудлагын шигшээ багийн тамирчин Г.Нандинзаяа авсан юм. Оюутны дэлхийн аварга тэрбээр 106 тамирчин өрсөлдсөн хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд IV байрт шалгарснаар Монголын буудлагын тамирчдын хоёр дахь эрхийг авсан юм.
Ц.Мөнхзул
Өнгөрсөн оны наймдугаар сард Азербайжаны Габала хотноо болсон буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж "РИО-2016" олимпийн эрхээ авсан.
Ийнхүү “Рио-2016” олимпийн наадамд буудлага спортын төрлөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Г.Нандинзаяа нар цэц мэргэнээ сорих эрхээ өвөртлөөд байгаа юм. Одоо энэ төрөлд “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээн байхгүй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ