Путин Туркийг бөхийлгөв
Эрдоган албан ёсоор ОХУ-аас уучлалт гуйлаа. Энэ талаар “TASS” агентлаг болон “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Их Британийн асуудлаас болж Европ холбоо хүндхэн байдалтай нүүр тулаад байна. Европын эрх баригчид британичуудыг бодлоо өөрчлөхийг уриалан удирдлагуудтай нь хэлэлцээр хийх замаар холбооныхоо гишүүнчлэлийг авч үлдэхээр зэхэж байна. Британи хэдий Европын холбооноос гарахгүй гэдгээ илэрхийлсэн ч шинэ Засгийн газар бий болох хүртэл тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо мэдэгдсэн билээ. Цэнхэр гариг Британи болон Европын холбооны асуудалд анхаарлаа хандуулах үеэр жинхэнэ утгаараа дайсагнаад байсан ОХУ болон Туркийн эрх баригчид найрамдлаа.
Путин Туркууд уучлалт гуйх хүртэл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм. Тэгвэл Путин гэдийсний хүчинд Туркийг бөхийлгөж чадлаа.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Турк болон Сирийн хил дээр очих үедээ ОХУ-аас албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрбээр эцсээ хүртэл ОХУ-аас уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Эрдоганы бодол өөрчлөгдөж, ийнхүү Оросоос уучлалт гуйлаа. Эрдоган “Би харамсч байна. Миний зүрх сэтгэл уй гашууд автаж байна. Туркчууд бид амиа алдсан нисгэгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Бид хохирлыг барагдуулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж мэдэгджээ. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна. Песков “Ерөнхийлөгч Эрдоган амиа алдсан нисгэгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн. Тэрбээр энэ тухайгаа Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн” гэж хэлжээ.
Төрийн Думын олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дарга Константин Косачёв фэйсбүүк хуудастаа “Туркийн эрх баригчид амиа алдсан нисгэгч Олег Пешковын гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйсан. Туркийн үйлдэл олон эерэг өөрчлөлтийг авчрах болно. Ерөнхийлөгч Эрдоган нисгэгчид хандан хэлсэн үгээ цахим хувилбараар Ерөнхийлөгч В.Путин руу илгээсэн болно. Уг асуудал дээр Оросын 100 хувь зөв байсан” гэж бичсэн байна.
Хоёр улс зөрчилдөх болсон нь Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгөөд буцаж явсан Оросын “Су 24” сөнөөгч онгоцны сүйрэлтэй холбоотой юм. “Су 24” онгоц хэт даврагчдын байршил агаараас цохилт өгөөд буцах үедээ Туркийн сөнөөгч онгоцны дайралтад өртөж, сүйрсэн билээ. Оросын онгоц Туркийн агаарын хилийг олон удаа зөрчсөн учир аргагүйн эрхэнд Туркууд гал нээсэн гэж тайлбарласан. Туркууд гал нээхээсээ өмнө “Су 24” онгоцонд 10 удаа сануулга өгчээ. Сануулга өгч буй бичлэгийг Туркууд ослын маргааш өдөр нь хамгийн их хэрэглэгчтэй “Youtube.com” сайтад байршуулжээ. Хэдий Туркууд аргагүй эрхэнд гал нээсэн хэмээн мэдэгдсэн ч Оросууд санаатай гал нээсэн хэмээн буруутгасан билээ. “Су 24” сүйрсний улмаас нисгэгч дэд хурандаа Олег Пешков амиа алдаж, нисгэгч Константин Мурахтин амьд үлдсэн юм. Мурахтинийг шүхрээр газардах үед зэвсэгт босогчид барьцаалсан юм. Оросын цэргүүд Сирийн тусгайгийнхантай хамтарсан тусгай ажиллагаа явуулж босогчдод барьцаалагдсан хоёр дахь нисгэгчийг чөлөөлсөн билээ.
Мурахтин чөлөөлөх ажиллагааны дараа “Бид Туркийн хилийг зөрчөөгүй. Өдөрт хэдэн мянган удаа тэр бүс нутгаар нислэг үйлддэг. Нүдээ аниад ниссэн ч замаа сайн мэддэг. Туркууд сануулга өгөхгүйгээр гал нээсэн” хэмээн мэдэгдэж, хамтрагчийнхаа өшөөг авахаа илэрхийлсэн билээ. Тэрбээр өнөөг хүртэл Сирийн Латакия хотноо байрлах Оросын цэргийн баазад алба хааж байна.
Путин амиа алдсан нисгэгч дэд хурандаа Олег Пешковыг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан билээ. Нисгэгчийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч В.Путин Туркийг уучлалт гуйхыг шаардсан ч бүтэлгүйтсэн. Путин зул сарын өмнө Туркийн зарим салбарт хориг тавьж буйгаа илэрхийлсэн билээ. Тэрбээр Туркууд уучлалт гуйх хүртэл хоригоо улам чангаруулах болно гэдгээмэдэгдсэн юм.
Хоригийн эхэнд Орос, Турк улстай байгуулсан харилцан визгүй зорчих дэглэмийг хүчингүй болгож, Орос улсад ажиллаж, амьдарч буй тус улсын иргэдэд шахалт үзүүлж эхэлжээ. Орос улсад гэрээгээр Туркийн 90 мянга орчим иргэн ажиллаж буй ч тэдний гэр бүл нийлээд ойролцоогоор 200 мянгад хүрчээ. 2013-2014 оны хооронд ОХУ-ын таван сая иргэн Турк улсад жуучлалаар очсон байна.
Уг хоригоос нэг долоо хоногийн дараа Орос дахин Туркийн эсрэг хориг тавьж, аялал жуучлал болон Турк улсаас хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтаа зогсоов. Путин “Турк улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өнөөдрөөс эхлэн Оросын зах, худалдааны төвүүд худалдаалахгүй” гэж мэдэгдлээ. Оросын төрийн мэдлийн хэвлэлийн агентлагууд өчигдөр хүнсний хоригт багтсан зарим бүтээгдэхүүний нэрийг олон нийтэд танилцуулсан. 2014 оноос Орос улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гол түншээр Турк улс нэрлэгдэх болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ