Сонгууль: Залуусын идэвхи муу байна

img

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр өглөө 7.00 цагт эхэллээ. Монгол Улсын иргэд энэ өдрийн 7.00 цагаас 22.00 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгоно.

 

Өглөөний 8.30 цагийн байдлаар Баянгол дүүргийн 8-р хороо буюу УИХ-ийн сонгуулийн 69 дугаар тойрог, НИТХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойргийн хоёрдугаар хэсгийн санал авах байранд өндөр настнууд саналаа идэвхтэй өгч байлаа. Энэ хэсгийн хороонд 9А, 9Б, 10, 11, 13, 14,15 дугаар байрны оршин суугч, иргэд саналаа өгнө. Нийтдээ 2951 иргэн саналаа өгөх ажээ.

 

Тус хэсгийн хороо БГД-ийн 93 дугаар ахлах сургуульд байрлажээ. Тус байранд нийт 10 хүн ажиллаж байна. Ахлах зохион байгуулагч 1, зохион байгуулагч 6, иргэний бүртгэлийн ажилтан 2, мэдээлэл технологийн даамал 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр санал хураах байранд ажиллаж байлаа.  Мөн МАХН, АН, МАН, ИЗНН, тус тойрогт нэр дэвшигч Ж.Нарантуяагийн ажиглагч зэрэг нийт 11 нам эвсэл, иргэний нийгмийн байгууллагын ажиглагч ажиллаж байна. Харин тус санал авах байранд саналын хуудас бөглөх 3 ширээ, саналын хуудсыг уншуулах 2 төхөөрөмж байршуулсан байна.

 

Сонгуулийн санал хураалтын явц болон сонгогчдийн ирцийн талаар тус хэсгийн ахлах зохион байгуулагч М.Насанжаргалаас лавлахад “Манай хэсгийн хорооны сонгуулийн ирц яг одоогийн байдлаар зургаан хувьтай байна. Өглөө 06.00 цаг гэхэд ихэвчлэн ахмадууд ирчихсэн байсан. Тэгээд 07.00 цагт төхөөрөмж ажиллаж эхлээд эхний өндөр настан саналаа өгсөн байгаа. Одоогоор нийт 157 хүн санал өгөөд байна” хэмээв.

 

Саналаа өгсөн даруйд нь өндөр настан Ш.Рэнцэнхандтай цөөн хором ярилцлаа.

 

 

 

 -Та хэдэн цагт ирсэн бэ?

 

-Би өглөө 06.45 болж байхад энэ санал авах байранд ирсэн. Намайг ирэхэд цөөн хэдэн миний насныхан зогсож байсан одоо хүмүүс нэмэгдэж байна.  Ямар ч байсан иргэний үүргээ гүйцэтгэж саналаа өгчихөөд зогсож байна даа.

 

-Их гоё цэнхэр торгон дээлээр гоёсон байна?

 

-Төрөө хүндэтгэж хиргүй, уранхайгүй хувцсаар гоёхыг л хичээлээ. Тэгсэн хүүхдүүд ээж тогос шиг гоёчихож гээд шоолоод байгаа юм аа. Ер нь бид залуудаа байхдаа бүрэн бүтэн, гоё сайхнаараа хувцаслаад л ирж саналаа өгдөг байлаа даа.

 

-Залуучуудад хандаж юуг зөвлөмөөр байна вэ?

 

-Жил жилийн сонгуулийг ажиглаад байхад залуучууд их л залхуу хойрог хандаад байх шиг санагддаг. Ер нь сонгуулиа заавал өгөх ёстой. Энэ чинь иргэн хүний үүрэг шүү дээ. Тэгээд ч эх орны ирээдүйг жолоодож, чиглүүлэх хүнээ саналаа өгч байж л сонгоно шүү дээ. Тэгэхээр саналаа зайлшгүй өгөх нь зүйтэй.

 

Өглөөний 08.00 цагт тус хэсгийн хороонд очиход 7 өндөр настан 4 залуу саналаа өгч байлаа. Харин 09.30 цагийн орчимд багагүй дараалал үүссэн харагдав.  Хөгшчүүд саналын хуудас хураах төхөөрөмжид хуудсаа хийхдээ хэрхэхээ мэдэхгүй будилах асуудал цөөнгүй ажиглагдав. Харин хэсгийн ажиглагчид тэдэнд сайтар зааж зөвлөж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
одооны залуус нэг их эрх ярьсан хүмүүс ,эх орныхоо ядаж өөрийнхөө өмнө хүлээх үүрэг байдаг гэдгийг мартчихсан юм шиг санагддаг,Үүргээ биелүүлж байж эрхээ эдэлдэг гэдгийг ойлгоосой
2016-06-29
Зочин:
MANAI ZALUUS CHI ODOO UNTAJI UMKHIIRCH BAIGAA , OLKHIOGUY KHUGIIN IREEDUY GEJEE
2016-06-29