
Баасан гарагийн оройноос эхлэн түлшний үнэ нэмэгдэж, эдийн засгийн эмх замбараагүй байдал үүсэхэд хүрэв. Улстөрчид харин унтаж байна уу гэмээр нам гүмхэн байв. Харин Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооноос Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдод албан бичиг хүргүүлжээ. Тэдний албан бичиг нь Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан хийх шаардлага юм. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн албаны хүнтэй холбогдож тодруулахад, “..Ажлын долоо хоног өнөөдөр эхэлж байгаа болохоор бидний албан бичигтэй танилцаж байгаа байх. Одоогоор хариу ирээгүй байна. ” гэсэн хариултыг өгч байна.
Мөн өнөөдөр ийм утга бүхий албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлнэ гэж байна. Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоо нэгдэн албан бичгийг илгээх аж.
Д.Дэмбэрэл даргад илгээх албан бичгийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, ҮАБЗ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ