Өнөө орой тэврэлдэнэ

2013 онд Гоолингоо.мн сайтын хамт олон долдугаар сарын 1-ний энэ өдрийг Free Hug day буюу тэврэлтийн өдөр болгох санаачлага гаргасан байдаг. Улмаар Нийслэлийн залуус хоёр жилийн турш энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
Энэхүү өдрийн гол зорилго нь найман жилийн өмнө болсон муу дурсамжтай өдрийг сургамж болгон үлдээж, эв нэгдлийн өдөр болгоход орших аж. 2013 оны энэхүү арга хэмжээнд 40 гаруй хүн оролцож байсан бол 2014 онд 70 орчим, 2015 онд 420 гаруй хүн оролцсон байна.
Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс “Олон улсад нэгдүгээр сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгон тэмдэглэдэг. Харин манай улсад Гоолингоо.мн сайтын санаачлагаар, эерэг үзэл бодолтой залуучууд долдугаар сарын 1-ний өдрийг “Тэврэлтийн өдөр” болгохоор жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. Бидний гол зорилго 8 жилийн өмнөх 7 сарын 1-ний өдөр болсон үйл явдлыг хүнд хэцүү талаас нь бус сургамж гэдэг үүднээс нэхэн санаж, ахин маргаж муудалцахгүй эв эеэр асуудалд ханддаг, өөдрөг үйлдэл хийдэг өдөр болгохоор энэ өдрийг сонгосон билээ. Үүний маань ч үр дүн гарч залуус маань тэврэлтийн өдрийг бид тэсэн ядан хүлээдэг болжээ” хэмээн ярьсан.
Энэ удаагийн арга хэмжээ энэ өдрийн 18.00 цагт Чингисийн талбайд албан ёсоор эхлэх юм байна. Арга хэмжээнд оролцохдоо "Free Hug" гэдэг нэршлийг орчуулан “Тэврийлдаа” хэмээн том цаасан дээр бичиж ирэх ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ