Хэт даврагчдыг Аллах өөрөө шийтгэнэ

Багдад хотноо халдлага гарчээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Иракийн нийслэл Багдад хотын Каррада дүүрэгт 19.30 цагийн орчимд террорист халдлага гарчээ. Иракчууд Рамадан сард зориулсан “Эйд аль Фитр” гэх арга хэмжээнд оролцож байжээ. Энэхүү арга хэмжээний үеэр иргэд гурван үе шаттай мөргөл үйлдэж, ирээдүйгээ Аллах бурханд даатгадаг байна. Гурван өдөр үргэлжлэх уг ёслолын эхний өдөр ийнхүү олон хүний аминд хүрсэн ноцтой халдлага гарлаа. Халдлагын улмаас 125 хүн амиа алдаж, 150 орчим хүн гэмтэж, Каррада дүүргийн эмнэлэгт хүргэгдэн иржээ. “Амиа алдагсдын 20 нь эмэгтэй, 25 нь хүүхэд” хэмээн Багдадын Цагдаагийн газраас мэдээлэв.
НҮБ-ын “UNICEF” холбоо твиттер хуудастаа “Халдлагаар 25 хүүхэд амиа алдлаа. Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Хүүхдүүд террорист ажиллагааны хохирогч болсонд гүнээ харамсч байна” гэж жиргэжээ.
Террористууд ёслол үйлдэж байсан газраас холгүй их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан автомашин дэлбэлсэн байна. Мөн амиа золиослогч этгээд иргэдийн дунд өөрийгөө егүүтгэжээ. Халдлагын дараа тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, “Террористууд гэмгүй иргэдийг хөнөөснийхөө төлөө хариуцлагаа хүлээх болно. Бурхан та нарын буруу үйлдлийг заавал гэсгээх болно. Бурхан бүгдийг харж байдаг. Та нар халдлага үйлдсэний шийтгэлийг авна” хэмээн мэдэгдсэн байна.
Халдлагын хохирогч Карадда дүүргийн оршин суугч 25 настай Хуссен аль Амир гэгч “AFP” агентлагт “Бид эх орондоо ч тайван амьдрах арга алга. Террористуудыг Аллах өөрөө шийтгэнэ. Тэд ямар ч шалтгаангүйгээр хүмүүсийн амийг хөнөөж байна” гэсэн бол Иракийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али аль Дабба “Террористууд халдлагын үеэр ямар төрлийн тэсрэх бөмбөг ашигласан болохыг мөрдөгчид тогтоохоор ажиллаж байна” гэж ярьжээ.
Эрх баригчид Багдад хотын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн мэдэгдэж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалсан юм. Уг уриалгын дараа хэт даврагчид өөрсдийн твиттер хуудастаа “Бидний газар нутгийг хүчээр эзлэн авсан та бүхэн хариуцлагаа хүлээх болно. Бид хэзээ ч зогсохгүй. Бид Иракийг бүрэн эзэлсэн цагт дараагийн нүүдлээ хийнэ. Өмнө нь сануулж байсан шиг бидний эсрэг зэвсэг чиглүүлсэн бүхэн хөөрхийлөлтэйгээр амиа алдана” гэж жиргэжээ. Мөн тус бүлэглэл Багдад хот дахь халдлага үүгээр дуусаагүй гэдгийг эрх баригчдаа сануулсан байна.
Хэт даврагчид Сири, Ливи зэрэг орнуудад хяналтаа тогтоохоор тэмцэж эхэлснээр Ирак дахь үйл ажиллагаа хэсэг хугацаанд идэвхгүй байсан юм. Тус бүлэглэл анх байгуулагдсан үе буюу 2013-2014 оны хооронд зөвхөн Багдад хотноо 158 удаа халдлага зохион байгуулж, 300 орчим хүнийг хөнөөжээ. Харин 2014-2015 оны хооронд тус бүлэглэл Иракаас дайчдаа татан, Сирийн Мосул, Ракка хотноо террорист ажиллагаа явуулах нь нэмэгдсэн юм.
Террористууд олон улсын цэргийн эвслийн цэргийн ажиллагааны уршгаар Сири дэх эрхээ алдахад хүрээд байна. Энэ эгзэгтэй үеийг ашиглан Иракийн Засгийн газар барууны орнуудаас дэмжлэг авч, террористуудад алдаад буй нутгаа чөлөөлж эхэлсэн юм. Сиричүүд оросуудын дэмжлэгтэй Пальмира хотыг чөлөөлсөн бол Иракчууд бие даан Эль Фаллужа хотыг чөлөөлсөн билээ. Иракийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт тус хотыг бүрэн чөлөөлсөн болохоо мэдэгдэж, олон улсаас хүнс, эд материалын тусламж хүссэн юм.
Хэдий террористууд 2015-2016 оны хооронд өчигдрийнх шиг олныг хамарсан аймшигт халдлага зохион байгуулаагүй ч өөрсдийгөө хүчирхэг гэдгээ батлан харуулахын тулд олон удаа зэвсэгт халдлага зохион байгуулсан билээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард Багдад хотноо шөнийн клуб руу дайрч, Реал Мадрид багийн дэмжигч гэх 25 хүнийг хөнөөсөн билээ. Мөн Эль Фаллужа хотыг армийнханд алдсны дараа Багдадын шалган нэвтрүүлэхийн ойролцоо халдлага үйлдэж, армийн 11 дайчныг хөнөөсөн юм.
Хэт даврагчид Ойрхи Дорнодыг дамнасан “Халифатын улс” байгуулахаар тэмцэж эхэлсэн бөгөөд гуравхан жилийн хугацаанд 1000 орчим хүнийг ямар ч шалтгаангүйгээр хөнөөв. Тус бүлэглэл Иракийн хөршүүдэд халдахаас гадна Йордан, Йемен, Парис, Брюссель, Дакка, Орландо хотноо халдлага үйлджээ. Бангладешийн нийслэл Дакка хотноо энэ амралтын өдөр тус бүлэглэлийн таван дайчин зоогийн газар барьцаалж, цагдаагийн хоёр албан хаагчийг хөнөөсөн билээ. Дакка хотноо иргэд амиа алдагсдад зориулан арга хэмжээ зохион байгуулж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ