Европын холбооноос гарахыг эсэргүүцэв

img

Их Британийн нийслэл Лондон хотноо өчигдөр олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг жагсаалд 50 мянган хүн нэгдсэн аж. Жагсагчид “Британийг Европын холбооноос салан тусгаарлах нь буруу” хэмээн үзэж, дахин бүх нийтийн санал асуулга зохион байгуулахыг эрх баригчдаасаа шаардсан байна.

 

Жагсагчид гартаа “Дахин бүх нийтийн санал асуулга явуул” гэх лоозон барьцгаажээ. Тус улсын парламент Британийг Европын холбооноос гарахаар төлөвлөж байгаа ч иргэд болон зарим гишүүний эсэргүүцэлтэй нүүр тулаад байна. “Британи уг холбооноос салан тусгаарлавал эдийн засгийн уналтад орно” хэмээн эдийн засагчид сануулж байгаа.  Мөн тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон огцрохоо мэдэгджээ.

 

Британийг Европын холбооноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгад Британийн 33.5 сая иргэн оролцсоноос 51.9 хувь нь Европыг холбооноос гарахыг дэмжсэн билээ. Харин 48.1 хувь нь Британийг Европын холбоог орхихыг дэмжээгүй бөгөөд санал хураалтын дараа эдгээр иргэдийн ихэнх нь олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Британи Европын холбооны гишүүнчлэлээ цуцласнаар дүрвэгсдийг хүлээн авахгүй, тэдэнд санхүүгийн тусламж үзүүлэхгүй, мөн Европын холбоонд өгөх ёстой татвараас бүрэн чөлөөлөгдөх юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ