Багдад: Хохирогчдын тоо 165 боллоо

Иракийн нийслэл Багдад хотноо хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл халдлага үйлдсэн билээ. Халдлагаар 125 хүн амиа алдаж, 225 хүн шархтсан юм. Тэгвэл амиа алдсан хохирогчийн тоо 165-д хүрсэн талаар тус улсын Ерөнхий сайд Хайдер аль Абади хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Эмнэлэгт хүргэгдээд буй хохирогчдын биеийн байдал хүнд байгаа, амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар тэрбээр ярианыхаа эхэнд онцолжээ.
Тэрбээр “Хэт даврагчид шийтийн шашинтнуудыг гол байгаа болгож, халдлага үйлдлээ” гэж мэдэгдсэн байна. Олон хүн Рамадан сарын сүүлчийн өдрүүдэд зориулан мөргөл үйлдэх үед тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн юм. Уг халдлагын дараа Багдад хотын оршин суугчид амиа алдагсдад зориулан лаа өргөж, Засгийн газраа хэт даврагчдыг устгахыг уриалжээ. Иракийн чөлөөлөх арми өнгөрөгч долоо хоногт хэт даврагчдад алдаад байсан Эль-Фаллужа хотыг бүрэн чөлөөлсөн билээ. Хэт даврагчид хотоос ухрах үедээ өшөөгөө авахаа Иракийн удирдлагуудад сануулсан юм.
Тус бүлэглэл энэ гараад Иракт найман удаа зэвсэгт халдлага зохион байгуулжээ. Садр хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд тус бүлэглэлийн хоёр дайчин амиа егүүтгэж, 70 хүний аминд хүрсэн. Уг халдлагаас долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 6-ны өдөр хэт даврагчид Хилла хотноо халдлага үйлдэж, 47 хүнийг хөнөөсөн бол гуравдугаар сарын 20-ны өдөр Искандра хотноо халдлага гарч, 32 хүн амиа алджээ. Өнгөрөгч тавдугаар сарын 1, 11, 17-ны өдөр халдлага үйлдэж, 195 хүний аминд хүрсэн. Харин өнгөрсөн зургаадугаар сарын 9-ний өдөр хэт даврагчид Багдад хотноо цуврал халдлага үйлдэж, 30 хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ