Риог зорих “Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Рио-2016 зуны олимп эхлэхэд 30 гаруй хоног үлдээд байна. Одоогийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин гаргасан амжилтаараа Бразил улсад болох олимпод оролцох эрхээ аваад байна. Тэгвэл энэ тамирчдын 10 тамирчин нь 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид багтаж байна.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, Зэвсэгт хүчний анги байгууллагын удирдлагууд, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон бусад тамирчид Рио-2016 олимпод оролцох тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа баяр хүргэж хэлсэн үгэндээ "Манай Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо түүхэн 70 жилийнхээ хугацаанд 13 олимпийн мөнгө, хүрэл медальтан төрүүлсэн түүхтэй. Олимпийн өмнөх сунгааны үлдэж буй хариуцлагатай өдрүүдэд сахилга бат, зохион байгуулалтыг хатуу сахиж, сургалт, бэлтгэл, дасгалжуулалтаа улам эрчимжүүлэхийг тус олимпод оролцох баг, тамирчид, дасгалжуулагчид та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Ингээд Рио-2016 зуны олимпод оролцох эрхээ гардан авсан Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны шилдэг тамирчид та бүхэнд болон та бүхний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.
Тамирчдыг төлөөлж, зургаа дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа "Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулах мөч бүрт бидний ард батлан хамгаалах салбар, шилдэг дайчид байдагт баярлаж, бахархаж байна. Энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 10 тамирчин маань оролцож байгаа нь тамирчдын бэлтгэл, "Алдар" спорт хорооны удирдлагын хичээл зүтгэл байгааг илэрхийлэх байх. Хүндэтгэл үзүүлж буй явдалд баярлалаа. Бид төрийнхөө далбааг Бразилийн тэнгэрт мандуулахын төлөө хичээх болно" гэсэн юм.
"Рио-2016" зуны олимпод оролцохоор Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 10 тамирчин буудлага, чөлөөт бөх, жүдо, марафон, таеквондо, бокс, хүндийн өргөлт гэсэн спортын долоон төрөлд оролцох эрхээ гардаж, Алтан соёмбот төрийнхөө далбааг Бризали Улсын тэнгэрт мандуулахаар ийн зорих гэж байна.
1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа /буудлага/
2.Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран /чөлөөт/
3. ОУХМ П.Орхон /чөлөөт/
4.ОУХМ О.Үйтүмэн /чөлөөт/
5.ОУХМ Б.Мөнхзаяа /марафон/
6.ОУХМ М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
7.ОУХМ А.Цолмон /жүдо/
8.ОУХМ П.Тэмүүжин /таеквондо/
9.ОУХМ, дэд ахлагч Б.Чинзориг /бокс/
10. ОУХМ, дэд ахлагч Х.Энх-Амар /бокс/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ