Сарын дотор 800 хүн хөнөөжээ

img

Хэт даврагчдын халдлагын талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дөрвөн долоо хоногийн дотор 13 улсад халдлага зохион байгуулж, 800 хүний аминд хүрлээ. Хэт даврагчид хэдий Ойрхи Дорнод дахь хяналтаа бага багаар алдаж байгаа ч энгийн иргэдийг хохироож, өөрсдийнх нь эсрэг гал нээсэн улс руугаа халдах замаар өшөөгөө авч байна. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл болон ОХУ тус бүлэглэлийг устгахаар тэмцэж буй юм.  Террористууд 6-7 сарын хооронд Европын 2, Азийн 2, Ойрхи Дорнодын 9 улсад халдлага үйлдэв.

 

Хэт даврагчид  гол дайсан болох АНУ-д халдлага үйлдэхээ зул сарын өмнө мэдэгдсэн. Уг мэдэгдлээ тэд ажил хэрэг болгож өнгөрсөн зургаадугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Флорида мужийн Орландо хотноо халдлага үйлдэж, 49 хүнийг хөнөөсөн билээ. Тус бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан Афганистан гаралтай Омар Матин гэгч гей клуб руу нэвтэрч “АК-47” буугаар гал нээсэн билээ.

 

АНУ-ын эрх баригчид “Орландогийн халдлагыг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш гараагүй аймшигт халдлага” хэмээн тодорхойлсон билээ. Уг халдлагаас гурван өдрийн дараа Францын Магнанвилле хотноо халдага гарч, үүргээ гүйцэтгэж явсан хоёр цагдаа амиа алджээ. 25 настай Ларосси Аббалла гэгч шөнийн ээлжинд гарч байсан цагдаа нарыг хутгалж, хэргийн газраас зугтаасан юм. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө “Халифын вант улс” бүлэглэлд үнэнч байхаа тангараглажээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, түүний нуугдаж байсан газрыг олж устгасан юм. Террористууд Парис хотноо халдлага зохион байгуулаад хагас жил ч болоогүй байхад дахин халдлаа. Ийнхүү хэт даврагчид өнгөрсөн сард Европын хоёр оронд халдаж, дэлхийн хаана ч хүрэх чадвартай гэдгээ баталжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парисын халдлагын дараа тус бүлэглэлийг “Хүн төрөлхтний дайсан” хэмээн тодорхойлсон юм.

 

Бангладеш, Филиппин улсад тус бүлэглэл халдлага үйлдэв. Бангладешийн нийслэл Дакка хотноо өнгөрсөн амралтын өдөр хэт даврагчид зоогийн газар барьцаалж, 22 хүний аминд хүрчээ. Халдлага үйлдсэн этгээдүүд бүгд “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоо тогтоож, даалгавар авсан аж. Харин Филиппинийн хувьд зэвсэгт этгээд энгийн иргэд рүү гал нээж, гурван хүнийг хөнөөсөн байна.

 

Бангладеш, Филиппинээс гадна Малайзын нэгэн шөнийн клубт дэлбэрэлт болж, найман хүн гэмтжээ. Тус улсын цагдаагийхан уг халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохыг тогтоосон юм. Ийнхүү хэт даврагчид өмнө нь халдсан, халдаагүй улс орнууддаа халдлага үйлдэх замаар эрхээ тогтоохыг санаархаж эхэллээ.

 

 

Туркийн Истанбул хотын “Ататурк” хотын нисэх буудалд гурван этгээд амиа егүүтгэж, 44 хүнийг хөнөөсөн. Тус бүлэглэл Истанбулын халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн юм. Уг халдлагаас нэг өдрийн дараа хэт даврагчид Кувейт улсад халдаж, нэг хүнийг хөнөөсөн бол Йордан улсад халдлага үйлдэж, таван хүнийг хөнөөжээ. Уг халдлагын дараа Йорданы эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалахын тулд зэвсэг барин тэмцэх болсон юм. Йорданы халдлагаас хэдхэн цагийн дараа хэт даврагчид мөн Афганистаны Кабул хотноо халдлага үйлдэж, найман хүнийг хөнөөжээ. Алан хядах “Талибан” бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгуудад исламын дайчид халдсан нь хоёр бүлэглэл хоорондоо сөргөлдөж эхэлсэн талаар Кабулын эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Хэт даврагчдын халдлага дээрх улсуудаар дуусаагүй юм. Тус бүлэглэлийн дайчин өнгөрсөн сарын 24-ний өдөр Ливи улсад амиа егүүтгэж, 36 хүнийг хөнөөсөн байна. Тус бүлэглэл Иракийн армийнханд Багдад хотоос 50 км-ийн цаана байрлах Эль-Фаллужа хотыг алдсаныхаа дараа Сирид цуврал халдлага зохион байгуулж, 102 хүний аминд хүрчээ. Тэд өшөөгөө авах зорилгоор энэ сарын 3-ны шөнө Багдад хотноо халдлага зохион байгуулж, 165 хүнийг хөнөөж, “Халдлага дахин үргэлжлэх болно” хэмээн сануулжээ.

 

Тэгвэл хамгийн сүүлд хэт даврагчид Саудын Арабын Медина хотноо халдлага зохион байгуулж, нэг хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ. Эрх баригчид уг халдлагыг хэт даврагчид захиалсан болохыг мэдэгдсэн билээ. Рамадан сарын сүүлчийн өдрүүдэд хэт даврагчид ийнхүү террорист ажиллагаагаа эрчимжүүлэх боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
Аллахын хүүхдүүд алалцаадал бай
2016-07-05