Риог зорих тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон “Рио-2016” олимпийн наадамд оролцох “Хилчин спорт хороо”-ны тамирчдаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүүлэв. Тус арга хэмжээнд ХХЕГ-ын дарга хошууч генерал Ш.Лхачинжав, бэлтгэл, дэд хурандаа Н.Баатархүү нарын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо олох “Рио 2016” олимпийн наадамд одоогийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин оролцохоор болоод байна. Эдгээрийн зургаан тамирчин нь ХХЕГ-ын харъяа “Хилчин спорт хороо”-ны тамирчид юм.
Тодруулбал, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Д.Сумъяа, Азийн наадмын боксын аварга Д.Отгондалай, Жүдогийн 66 кг жингийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг, Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, спортын мастер Д.Гантулга нарыг шагнан, урамшууллаа.
Тамирчдад баяр хүргэн ХХЕГ-ын бэлтгэл, дэд хурандаа Н.Баатархүү “Өнөөдөр бид залуу тамирчдаа бахархан харж байна. Одоогоос 70 жилийн өмнө манай “Хилчин спорт хороо” байгуулагдаж байлаа. Тухайн үед тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож явсан ахмад тамирчид энд цугласан байна. Ингээд эрх авсан зургаан тамирчинд ахмад тамирчдын чин сэтгэлийн халуун баярыг хүргэж 999 мянга 999 төгрөгийг бид хандивлаж байна. Энэ бидний өчүүхэн бэлэг юм шүү. Баяртай уулзахын ерөөл дэвшүүлж 10 гаруй мянган хилчин захыг чинь мушгиад хүлээж байна” хэмээв.
МУГТ, дэлхийн хошой аварга олимпийн хүрэл медальт, дэд хурандаа С.Батцэцэг “Үргэлж сэтгэл зүрхээрээ биднийг дэмждэг хамт олондоо маш их талархаж явдаг. Тамирчид бидний хүсэл зорилго Риогийн олимпод Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх явдал. Тиймээс ийт ажилчид, албан хаагчид та бүхний сэтгэл шингэсэн болохоор тамирчид бид өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байгаа” хэмээсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд Риог зорих тамирчдад талархал, дурсгалын зүйлсийг ХХЕГ-ын удирдлагууд гардуулав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ