Зөв гарцыг олох хэрэгтэй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хэрхэн ажиллахаар төлөвлөж байгааг сонирхов. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдлаа эхлээд тодорхойлно. Үүний дараагаар ажлаа юунаас эхлэхээ шийднэ. Өрхийн орлого, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, худалдан авалт зэргийг судална. Өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлж, худалдан авалтыг сайжруулахад анхаарна” гэсэн юм. Мөн “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартай холбоотой. Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг бүтцийг бүрдүүлнэ. Сангийн яам, БОНХАЖЯ, Хуульзүйн яам, ГХЯ гэсэн үндсэн чиг үүргийн болон ЗГХЭГ-ын дарга “давхар дээл”-тэй байж болохыг хэлж байлаа. Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой шуурхай явуулахын тулд маргааш Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцүүлэхээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгчид бараалхсаны дараагаар зарим зүйлийг тодруулав.
-Засгийн газрын бүтэц ямар байх бол?
-Цомхон, чадварлаг бүтцээр ажиллана.
-Яамдыг тоог одоогийнхоос бууруулах уу?
-Бүтцээ батлах үед хэлэлцэнэ.
-Ажлаа юунаас эхлэх вэ?
-Хэрвээ Ерөнхий сайдаар томилогдвол хамгийн түрүүн хэрэгжүүлэх ажил АСЕМ байна. Олон улсын төр, засгийн тэргүүн Монголд ирнэ. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал. Тийм учраас эхний ээлжинд АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад анхаарал хандуулна.
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ажлаа хүлээж авахдаа “эдийн засаг”-ийг онцолж байсан. Таны хувьд үндсэн ажлаа юунаас эхлэх вэ?
-Би ямар нэг уриа лоозон хэлэхгүй. Ажлаа л хийнэ.
-2016 оны төсвийг хэрхэн тодотгох бол?
-Ажлаа хүлээж аваад нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй. Өмнө нь намайг Сангийн сайдын ажлыг хүлээж авахад бодит нөхцөл байдал тоон мэдээлэлтэй зөрж байсан удаа бий. Тийм учраас өнөөдрийн гаргаж байгаа тоон мэдээлэл бодитой эсэхийг тулгах шаардлагатай. Үүний дараа нь юу хийх вэ гэдгийг тодорхойлно. Эдийн засаг хүндрэлтэй байгааг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ хүндрэлээс гарахын тулд бодит байдлаа тодорхойлж, зөв гарцаа олох нь хэрэгтэй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ