Мөргөлийн сүмийг дэлбэлэх гэж байжээ

Рамадан сарын сүүлчийн өдрүүдэд исламын шашинтнууд “Ид аль Фитр” гэх баяр тэмдэглэдэг. Уг баярыг Бангладешийн иргэд тэмдэглэж байна. Нийслэл Дакка хотын хамгийн том гэгддэг сүмд 20 мянган хүн зэрэг мөргөл үйлдэж, баярлаж буй юм. Тэгвэл цагдаагийнхан мөргөлийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан залууг баривчилсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Залуу мөргөл үйлдэж байсан сүмд нэвтэрч, бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Түүний нуугдаж байсан газраас тэсрэх бөмбөг зэргийг олсон талаар цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв.
Дакка хотноо өнгөрөгч амралтын өдөр террористууд зоогийн газар барьцаалж, 22 хүнийг хөнөөсөн юм. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохыг тогтоосон билээ. Бангладешийн иргэдийн 90 дээш хувь исламын шашинтай бөгөөд сүүлийн жилүүдэд шашны тэрс үзэлтнүүд эрс нэмэгдэх болжээ. Засгийн газар тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ